Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.14 /

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд төрийн энэ өндөр албыг аваад хамгийн анхлан боловсролын салбарынхныг хүлээн авч уулзсан. Ингэхдээ Монголыг Тавантолгой, Оюутолгой биш Монгол толгой хөгжүүлнэ гэж хэлээд энэ салбарыг тэргүүлэх салбар хэмээн анхаарч ажилласан юм. Тэргүүлэх чиглэлээ болгосон салбарынхантайгаа Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Соёлын төв өргөөнд уулзлаа. С.Батболдын Засгийн газар боловсролын салбарт сүүлийн 20 жилд хийж амжаагүй тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 4 жилд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 5 дахин нэмэгдсэн байна.

2009-2012 онд 139 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 74 хичээлийн байр, 37 дотуур байр, спорт заалны 35 барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Үүнд 120 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүчин чадлыг 11,8 мянган ороор, хичээлийн байрны суудлын тоог 31,2 мянгаар, дотуур байрны орны тоог 4,7 мянгаар тус тус нэмэгдүүлж, 405 гэр цэцэрэг байгуулжээ. 

Гэсэн ч харамсалтай нь нийслэлд шилжин суурьших хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим цэцэрлэгийн ачаалал хэтэрч байгаа зэрэг бэрхшээл байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд багш, ажилчидтай уулзахдаа энэ тухай ярилцаад асуудал байгаа, Засгийн газар аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэлээ. Мөн Монгол Ардын нам дөрвөн жилийн өмнө багш нарын цалинг хоёр ба түүнээс дээш удаа нэмнэ гэсэн амлалтдаа хүрсэн. Цаашид цалингийн нэмэгдлийг үнийн өсөлтийг давж өсгөж байхаар шийдвэрлэнэ гэдгээ ч тэрбээр онцолж байлаа.

Сурагчаасаа бэлэг, мөнгө авдаг гэхчлэн элдэь хэл ам гарч багш хэмээх алдрын нэр хүнд муу байгаа талаар багш нар сэтгэл зовж байгаагаа хэлж байсан юм. Энэ асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа Ардын нам ардын багшийн нэр хүндийг өндөрт өргөж, хамгаалсаар ирсэн. Ш.Сүрэнжав гуайн алдарт “Багш” найраглалд хөшөө босгосон. Нийслэл хотдоо Багшийн хөгжлийн ордон байгуулсан, багш нар маань сурч, мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх ордонтой болсон. Одоо 21 аймагтаа ийм ордон байгуулахаар төлөвлөсөн талаараа хэлж байлаа.

2009 оноос хойш шинээр 15 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж,  45 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэлээ.

Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр 43 сургалтын байгууллагад 23 мэргэжлээр 3300 иргэдийг сургаж байгаа бөгөөд эхний ээлжинд 800 гаруй хүн төгссөний 70 хувь нь ажлын байртай болоод байна.   

Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр Их сургуулийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Дээд боловсрол олгох сургуулиудыг цөөлж, чанартай боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх талаар тууштай арга хэмжээ авч төрийн өмчийн 42 сургуулийг 15 болгож цөөллөө.

Ерөнхий боловсролын сургалтын стандартад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж, энэ стандартаар хичээллэх, дэлхийн монгол иргэнийг бэлтгэх  төрийн өмчийн ерөнхий боловсролын гурван сургуулийг шинээр байгуулж, үндэсний 31 лаборатори сургууль байгууллаа.

20 гаруй жилийн өмнө татан буугдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, энэ институт байрлах Багшийн ордныг ашиглалтад орууллаа гэхчлэн С.Батболдын тэргүүлсэн  Засгийн газар олон асуудал шийдвэрлэсэн юм.

Боловсролын багц хуулийг УИХ-аар батлуулснаар суралцагч, багш, нийгмийн  ажилтныг урамшуулах, тэдний нийгмийн баталгааг хангах талаар олон чухал асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээд байгаа. 

Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар боловсролын байгууллагын ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, сургууль цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэх, 25 ба түүнээс жил ажилласан бол тэтгэвэрт гарахад нь 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох зэргээр тусгасан байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд “Автобус-1” компанийнхантай энэ өдрийн өглөөг угтлаа
ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ
“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийн ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Гэр бүлийн хөгжилд саад болж буй асуудлыг цогцоор нь авч хэлэлцэж байна
1 САЯ ТӨГРӨГӨӨ БУЦААН ТӨЛЖ ХУВЬЦААГАА АВЧ БОЛНО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан