Монгол Улсын Засгийн газраас боловсруулж баталсан “Зөгийн үүр“ хөтөлбөрийг дэмжих, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор Германы Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлэх болсонтой холбогдуулан Монгол-Германы хамтарсан уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтрах ажиллах Зөвлөлийн гишүүд, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төр, төрийн бус байгууллагын төлөөлөл болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Россбах, Германы Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн Хөгжлийн төвийн (ОУШХХТ) ахлах зөвлөх Др. Ханс Вернер-Мундт, Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сабинне Мюллер нар үг хэлэв.
Монгол-Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Зөгийн үүр” хөтөлбөрийг дэмжиж 200.000 /хоёр зуун мянган/ еврогийн тусламж үзүүлэхээр болж хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсноос гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын стратеги, гүйцэтгэгч байгууллагуудыг сонгох талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Эрдэнэ “Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилт гүйцэтгэл 2010-2011” сэдвээр илтгэл тавьж, ХБНГУ-ын „Олон улсын шилжих хөдөлгөөн“ байгууллагын ахлах зөвлөх доктор Х.Мундт хөтөлбөрийн хэрэгжилтэд стратеги зөвлөгөө өгч, хилийн чанад дахь иргэдээ хөгжил, бүтээн байгуулалтад хэрхэн татан оролцуулдаг арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулан, чөлөөт ярилцлга өрнүүлэн санал бодлоо солилцлоо.
Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Зөвлөлөөс Монгол-Германы Гүүр ТББ-тай хамтран зохион байгуулсан байна.