Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГАА ЭРГЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.21 /

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутаг дахь анхны томилолтоо эх орны хоймор нутаг-Сэлэнгэ аймгаас эхэллээ. Тэрээр 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ дэх салбарын элеватор, “Шаамарын зөгий” хоршоо, “Цэгээн Хуст”, “Элит үр” компаниар орж, тариаланчид, ногоочид, зөгийчидтэй уулзсанаас гадна Шаамарын болон Орхон голын гүүрний барилгын ажлын явцтай танилцлаа.  

 

ГУРИЛЫН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАЖ, ТАРИАЛАНЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ

 

                            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар, элеватор, лабораторитой танилцлаа.

            28 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай энэ элеватор хэдхэн хоногийн өмнөөс буудайгаа авч эхэлсэн. Буудай 14 хувийн чийгтэй, чанар нь хэвийн хэмжээнд байгаа тухай салбарын захирал Ч.Базардорж Ерөнхий сайдад танилцууллаа.

            Энэ жил манай улс 468 мянган тонн үр тариа хураан авч, 360 гаруй мянган тонн улаанбуудайгаар гурил үйлдвэрлэнэ гэж тооцсон нь хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг юм. Өмнө нь буудай хүрэлцэхгүйн гачаалд нэрвэгддэг байсан бол одоо илүү гарснаа яах вэ гэдэг асуудалтай тулгарчээ. Салбарын яам ч 270 мянган тонн хуучин буудайгаа аж ахуйн нэгжүүдэд сэлгээний гэрээгээр өгсөөр 140 мянган тоннтой үлдсэн байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд буудайг он дамнуулан хадгалж, чанарыг нь муутгах биш, нэг жил байлгалаа гэхэд дараа жил нь эргэлтэд оруулж шинэ буудайгаар агуулах, саваа дүүргэж байх ёстой гэсэн байр суурьтай байна.  Иймээс хуучин буудайгаа гурил болгох, эсвэл худалдан борлуулах зэргээр асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд үүрэг болголоо.

Тариаланчид тонн буудайгаа 300 мянган төгрөгөөр борлуулах сонирхолтой бол үйлдвэрлэгчид үүнээс бага үнээр авна гэсэн жилийн жилд гардаг яриа энэ удаа ч хэвээр л байна.

Дотоодын үйлдвэрүүд нэг кг гурилыг 600 төгрөгөөс дээш үнээр борлуулж байж хэвийн ажиллах боломжтой гэсэн тайлбар тавьдаг. Иймээс буудайн үнийг багаар тогтоох, импортын гурилд татвар ногдуулахыг хүсдэг тухай салбарын яамныхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт ярьж байлаа.

“Байгаа асуудлаа ойрын хугацаанд харилцан ярилцаж шийдэх ёстой. Ер нь их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулж хэрэгцээнээсээ илүү гарах буудай авсан хэрнээ гурилын үнэ өсвөл ямар ч утгагүй. Тариаланчдад нэг тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгасан. Шаардлагатай бол он гараад хөрөнгө гаргана. Харин үүний үр дүнд иргэд өнгөрсөн жилийнхтэй адил үнээр гурилаа худалдан авах ёстой. Түүнээс бус гурилын үнийг өсгөх тухай ярих ч хэрэггүй” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг албаны хүмүүст хатуу анхаарууллаа.

 

 

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ШААМАРЫН ЗӨГИЙЧИД БАЙРТАЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
ЖИЛИЙН ТУРШ АЖИЛЛАДАГ НОГООНЫ ЗАХТАЙ БОЛНО
ОРХОНЫ ГҮҮР ИРЭХ ОНЫ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫН ТАЛААР ДАХИН ЯРИЛЦЛАА
Хүүхдэд архи, тамхи худалдаалж, үйлчилбэл тусгай зөвшөөрөлтэй нь “ярина”
Цахилгаан дулааны хомсдолд орсныг мэдээллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан