Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 10 дугаар сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улаан буудайн урамшуулалд 100 мянган төгрөг олгохоор боллоо
Буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоолоо. 2012 оны улсын төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж, тонн тутамд 50 мянга, нийт 15 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд нэмэлтээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны төсөвт тусгаж, ирэх оны эхний улиралд багтаан олгохоор өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 468 мянган тн улаанбуудай хураан авч, 2013 оны тариалалтын үрэнд 47,3 мянган тн, улсын үрийн нөөцөд 8,3 мянган тн, тэжээлд 20 мянган тн, спиртийн үйлдвэрт 7 мянган тонныг зарцуулах бөгөөд гурил үйлдвэрлэлд 386,4 мянган тн буудай нийлүүлэгдэх боломж бүрдээд байна.
Улсын хэмжээнд 240 мянган тн гурил хэрэглэх бөгөөд үүнийг үйлдвэрлэхэд 328 мянган тн улаанбуудай шаардлагатай. Энэ жилийн болон 2011 оны ургацын үлдэгдэл буудайг оролцуулан тооцоход дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж, 100 мянган тн буудайг экспортод гаргах боломж байна. Иймд Тариалан эрхлэлтийн санд хадгалагдаж байгаа хүнсний улаанбуудайг гадаад, дотоодын зах зээлд зах зээлийн үнээр нь борлуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа.
Хятад болон Дундад Азийн зарим орноос хүнсний улаанбуудай худалдан авах санал ч ирээд байгаа юм байна.
Төрийн албаны интернэтийн хэрэглээнд хязгаарлалт хийх ажил хангалтгүй байна
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр “Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” тогтоол гаргасан. Тогтоолын хэрэгжилтийн талаар өнөөдрийн Засгийн хуралдаанд танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яамныхан өөрсдийн боломж нөхцөлдөө тохируулан тодорхой хязгаарлалт хийж эхэлжээ. Харин бусад яамны хувьд ийм хязгаарлалт хийгдээгүй интернэт сүлжээ ашигласан хэвээр байна. Иймээс энэ хурлаас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг сайд нарт даалгаад хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
“Сайншанд” аж үйлдвэрийн паркийн ажлыг эрчимжүүлэх зөвлөлийг байгууллаа
Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх үүрэг бүхий “Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн байгууллаа. Зөвлөлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга даргалж, гишүүдээр нь Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжил, Зам тээвэр, Уул уурхай, Барилга хот байгуулалт, Батлан хамгаалах, Сангийн болон Хөдөлмөрийн сайд нар ажиллана.
Гаднах болон доторх дэд бүтцийг барьж байгуулах, техникийн судалгааны ажил, санхүүгийн, хуулийн, арилжааны болон байгаль орчны суурь судалгаа, ерөнхий зөвлөх үйлчилгээний зэрэг хийх ажлын төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн дүнг яаралтай гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зөвлөлийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болголоо.
Товч мэдээ
- Азийн автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтыг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
- Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Ц.Амгаланбаярыг чөлөөлж, Т.Дуламдоржийг томиллоо. Мөн Засгийн газрын шинээр байгуулагдсан хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргаар Д.Энхжаргалыг томилсон байна.