Монгол Улсын Шадар сайд Архангай аймагт ажиллах үеэрээ Шинэчлэлийн Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Архангай аймаг нь эрс тэрс уур амьсгалтай жилд унах тундасны хэмжээ нийт нутгаар 300-400 мм, тунадас унадаг, олон жилийн дунджаар нэгдүгээр сард 20-25 хэм хүйтэрч, долдугаар сард 15-20 хэм дулаардаг аж. Тус аймагт мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж малын гаралтай түүхий эд түүний дотор цагаан идээний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, сум болгонд ажлын байрыг нэмэгдүүлж, бүтээлч салбарыг дэмжиж, шинэ түвшинд гаргахад өөрсдөө манлайлж ажиллахыг үүрэг болголоо.
Ирэх жил тус аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиох тул ойн хүрээнд 90 ажлыг төлөвлөн хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын Шадар сайдад дуулгаж тодорхой ажлууд дээр дэмжлэг хүслээ. Тухайлбал сүүлийн 20 гаруй жилийн турш яригдаад шийдэгдэж чадаагүй дулааны цахилгааны станцыг барьж байгуулахын тулд ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, 10.0 мянган хүн тутамд нэг гал унтраах анги ажилладаг стандарттай бол өнөөдрийн байдлаар тус аймаг нь 24.0 мянган хүн амтай учраас гал унтраах ангийг хоёрдугаар зэрэглэл рүү шилжүүлж, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, өвөлжилт хүндэрсэн үед их хэмжээний зардал гардаг учраас Тариат, Эрдэнэмандал сум хооронд өвсний нөөцийн агуулах байрыг өнгөрсөн жил тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд барьсан учраас өвс тэжээлийн нөөц байршуулахыг онцгой байдлын газарт хандаж шийдэж өгөхийг хүссэн.
2009-2010 оны өвөл аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж зарим сумд гамшгийн нөхцөл байдлын хэмжээнд хүрч их хэмжээний хохирол амсаж байсан гашуун туршлага бий учраас өвлийг өнтэй давахад дор бүрнээ хичээл зүтгэлтэй ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагва уриаллаа.