Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцлоо.
Энэхүү сургууль Архангай аймагт энэ сарын 15,16-нд болж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагууд болон бүх сумдын удирдлагуудыг хамруулсан 600 орчим хүн оролцсон байна. Сургуулийн зорилго нь гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийг сурталчлах, аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн үед хор уршгийг арилгах, ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо хамтын ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгджээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцсон Шадар сайд “Өнөөдөр дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас хамаараад дэлхийн бүх улс оронд гамшиг осол ихээр гарч байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд л гэхэд гамшгаас үүдэн 799 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1200-аад хүн нас барсан гэсэн тоо байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд нэг төгрөг зарцуулбал, гамшгийн дараа арван төгрөг зарцуулахтай тэнцэх хөрөнгийг хэмнэнэ. Тиймээс бага зардлаар урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол хийж хэрэгжүүлэх болно. Манай улсын хувьд газар хөдлөлт, гал ус, ган зуд, малын гоц халдварт өвчин, цасан болон шороон шуурганы аюул гэх мэт гамшиг ихээр гардаг. Архангай аймагт энэ удаа сургуулилтыг хийхийн тулд 14-20 хоногийн хугацаанд урьдчилан бэлтгэж, газар хөдлөлт болж байгаа онц хүнд үед олон хүн бэртэж, гэмтэж, машин тэрэг дэлбэрч сүйдсэн, барилга байшин нурсан үйл ажиллагаан дээр сургалт хийж үзүүллээ. Энэ удаагийн иж бүрэн сургалтаар онцгой нөхцөлд урьдчилан бэлтгэлтэй байж, бэлэн байдалд сахилга баттай хариуцлагатай ажиллахыг харуулж чадсан, гамшгийн үед хэрхэн ажиллах чиглэлээр мэдлэг туршлага олгосон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” гэлээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн 30 жилийн дараа халдвартын хээрийн нөхцөлд эмнэлгээ дэлгэж 22 нэгжийн дагуу өгөгдсөн цагийн байдлын хүрээнд тусламж үйлчилгээгээг бүрэн үзүүлсэн.