Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 10 дугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Иргэний үнэмлэх дахин олгоход 15000 төгрөг
Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өөрчлөлт орууллаа. Ингэснээр цахим үнэмлэхээ дахин авч байгаа болон 2013 оноос хойш авах иргэд 15000 төгрөгийн хураамж төлнө.
УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиас өмнө иргэдийг цахим үнэмлэхтэй болгохоор Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хууль, Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол гарснаар үйлчилгээний хөлснөөс иргэдийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл нэг удаа чөлөөлсөн юм. Үнэмлэх олгогдож эхэлж буй энэ үед иргэд хаяж үрэгдүүлсэн тохиолдол гарч байна. Ийм хүмүүст орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг нь дахин олгох шаардлагатай болсон бөгөөд дахин олгох болон дээрх хугацаанаас хойш үнэмлэх олгохдоо иргэдээс үйлчилгээний хөлс авах юм.
Цахим үнэмлэхний бэлдцийг Францын “Жемалто” компанийн Финлянд улс дахь салбарт үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд нэг ширхэг бэлдцийн үнэ 9800 төгрөг, бичиг хэрэг, цалин, тоног төхөөрөмж, түгээлтийн болон бусад зардал 5200 төгрөгийг нэмж нийтдээ 15 мянган төгрөг болно гэсэн тооцоог хийжээ.
Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болголоо
Үндэсний дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн тусгай албанд хийж буй шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгохтой уялдуулан Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны агуулга, технологийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болжээ. Иймд Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахаар боллоо. Тус их сургуулийн захирлыг энэ сард багтаан томилж, дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах болон сонсогчийн хувцасны иж бүрдэл, өнгө нормыг Засгийн газраар батлуулахыг Хууль зүйн сайдад даалгалаа.
Онцгой байдлын харъяанд байгаа Гамшиг судлалын хүрээлэн, аврагч бэлтгэх сургалт арга зүйн төвийг Хууль сахиулах их сургуулийн бүтцэд оруулахаар болж байна. Ингэснээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй болж гамшиг судлалын ухааны шинжилгээ, судалгааны ажил өндөр түвшинд гарч, гамшгаас хамгаалах сургалт, судалгааны нэгдмэл тогтолцоо бий болно гэж үзжээ.
Хууль сахиулах их сургууль нь хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллах дээд, тусгай мэргэжлийн боловсролтой офицер, ахлагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байх бөгөөд Хууль зүйн яамны шууд харъяанд байх юм. Тус сургуулийн бүтцэд Мөрдөгчийн сургуулийг шинээр байгуулахаар мөн төлөвлөж байгаа юм байна.
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ
Арилжааны 13 банкинд нийтдээ 800 орчим мянган иргэн Хүүхдийн мөнгөө авахаар хүсэлтээ гаргаад байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн дараагаар 2012 оны 10 дугаар сард олгох Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг Монгол банкин дахь Нийгмийн халамж, үйлчилгэний ерөнхий газрын хүүхдийн мөнгөний тусгай дансанд энэ сарын 17-ны дотор бүрэн шилжүүлэхийг сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
Зарим аймаг, дүүргүүдэд цахим үнэмлэхгүйгээс хүсэлтээ гаргаж чадаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа юм байна. Иймд Иргэний цахим үнэмлэхийг улсын хэмжээнд энэ сарын 25-ны дотор харъяа хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид үүрэг болголоо.
Мөн хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийт иргэддээ чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа.
Улсын төсөвт үйлдвэрийн хоёр газар байгуулахаар боллоо
Ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, зураг төсөл, хяналт шинжилгээ хийх үүрэг бүхий “Ой-МГЛ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяанд байгуулж ажиллуулахаар боллоо. Тус газрын орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг БОНХ-ийн сайд С.Оюунд даалгалаа.
Засгийн газрын хурлаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо. Тус төв нь төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй байх юм. Ингэснээр нийт сүлжээний хэмжээнд тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэн, улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг төмөр замын тээврээр дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.
Товч мэдээ
- Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо. Өрсөлдөөний тухай хуульд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж чөлөөлнө гэж заасан байдаг ажээ.
- “Авлигын эсрэг болон олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.