ЗАСГИЙН ГАЗАР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Наадмын дараах өдөр болсон /2010 оны 7 дугаар сарын 14/ Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай дахин хэлэлцэж тогтоол гаргалаа.
Энэ дагуу хөдөө аж ахуйн салбарт :
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд цаг агаарын хүндрэл, гамшгийн үед зарцуулах өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-аас тусламжаар олгосон тэжээлийн арвай буудайг боловсруулан бүрдүүлэх
• Зудын улмаас малгүй болсон иргэдийг малжуулах, бусад салбарт ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх, гамшгийн эрсдлийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжиж байгаа дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхайг хөгжүүлэх бодлого, чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх
• Хөрс, агаарт их хэмжээний халалт үүсч гандах төлөвтэй байгаа учир гангийн зэрэглэл тогтоон шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх
• Тусгай хамгаалалттай газар болон аймаг, сум дундын нөөц бэлчээрт өвөлжүүлэх өрх, малын тоо, нүүдэл дамжин өнгөрөх замын чиглэлийг 9 дүгээр сард багтаан тогтоож, отор нүүдлийг нэгдсэн зохицуулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн :
• “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг малчид, иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах
• Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэж хангалтгүй ажилласан орон нутгийн удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцох
• Хээлтүүлэгч малын хүрэлцээ муу байгааг харгалзан дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих, худалдан борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохицуулах, аймаг, сум, малчид, иргэдийн захиалгаар зохиомол хээлтүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах
• Хадлан, тэжээл бэлтгэлийн эрэлт, хэрэгцээ их байгаа техник, тоног төхөөрөмжийн хангамжийг хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан нэмэгдүүлэх, тэргүүний үйлдвэрлэгч, хадланчдыг урамшуулах болзол зарлан, тэдний туршлага, үр дүнг сурталчлах
• Үтрэмийн талбай, агуулахаас гарч байгаа тэжээлийн будаа, үр тарианы сүрэл, хүнсний ногооны иш, навч зэргийг малын тэжээл бэлтгэхэд ашиглах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр сурталчилгаа хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт :
• Аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажиллах, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-ын тусламжаар олгосон тэжээлийн арвай буудай болон орон нутгийн нөөц боломжоо ашиглан бүрдүүлэх
• Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, боловсруулалтын арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө, бууц, хашаа, хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж үр дүнг тооцох
• Хадлан, тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээг 7 дугаар сарын 20-ны дотор дуусгах, техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг зохион байгуулж малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангах
• Аймаг, нийслэл, төвлөрсөн хот, суурин газрын хүн амын 2011 оны хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтаар мал, мах бэлтгэж үйлдвэрийн аргаар боловсруулан нөөцлөх, дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах
• Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, зохион байгуулахын тулд шатахуун, бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа.
Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ажлын явцыг 8 дугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанд дахин оруулж хэлэлцүүлэх, улмаар мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн гаргаж 2010 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгов.
Зам, тээвэр, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт :
• Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрахаас сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор замын засвар, арчлалтын чанарыг сайжруулж тогтмолжуулах, ургац тээвэрлэх зам, гүүрийн шинэчлэл, засварыг яаралтай эхлүүлж чанартай хийх, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах
• Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн граашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийх, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцлөж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх
• Дулааны станц, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг нисэх онгоцны буудлууд, харъяа албадуудад бүрэн хангуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангах
• Төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам, сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав.
2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч хяналт тавин, биелэлтийг нь шалгахаар тогтов.
Эрчим хүчний салбарт :
Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын “Нүүрсний аюулгүй нөөц”-ийг бүрдүүлэх 4,9 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэсний дагуу станцууд нүүрсээ нөөцлөж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, цахилгаан станцууд нүүрсний 20 хоногийн нөөцтэй байх зэрэг үүрэг, даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өглөө.
ЕРӨНХИЙ САЙД ОРОН НУТАГТ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөж байна. Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллахдаа өвөлжилтийн бэлтгэл, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, тогтоол шийдвэр дунд доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад гол анхаарлаа хандуулах юм.
Тэрээр мөн Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн даргын хувьд Хөвсгөл аймагт болох ойн арга хэмжээнд оролцоно. Ерөнхий сайд 9 аймагт 20 удаа уулзалт хийж, 21 байгууллагын ажилтай танилцан сумдын удирдлагатай уулзаж Засгийн газрын бодлого болон цаг үеийн асуудлаар санал солилцох юм.
ТОВЧХОН
• “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.
• Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, “өөриймшүүлэх” зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын жилд бүрийн төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн төсөвт авч байгаа татвар, төлбөр, хураамж, торгууль зэргээс орсон орлого болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагад өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн тайланг жил бүр гаргаж, нийтэд мэдээлж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
• 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг батлав.
• 2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулганы Сайд нарын 17 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийг оролцох нь зүйтэй гэж үзэв.
• Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Япон Улсад ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.