Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-ын нэрт улс төр судлаач, доктор Збигниев Бжезински 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яаманд “Евроази дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншлаа. Лекцийг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрээр доктор З.Бжезински нь олон улсын харилцаа, стратеги судлал, геополитикийн хүрээний эрдэмтэн, судлаачдын дунд алдартай хүн гэдгийг тэмдэглээд, АНУ, ЗСБНХУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийг хязгаарлах гэрээг байгуулах, АНУ-БНХАУ-ын харилцааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь онцоллоо.
Түүнчлэн 1987 онд Монгол Улс (тухайн үед БНМАУ), АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтооход учирч байсан саад бэрхшээлийг арилгахад З.Бжезинскигийн үүрэг оролцоо их байсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тиймээс Монголын эрдэмтэн судлаач, сонирхогч хүмүүс З.Бжезинскигийн лекцээс чухал ач холбогдолтой санаа, үзэл бодол, мэдээ мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд үгээ өндөрлөв. Доктор З.Бжезински лекцийнхээ эхэнд түүнийг халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлэв.
Тэрээр Монгол Улс нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах талаар ардчилал шинээр буюу сэргээн тогтоосон улс орнуудын дунд үлгэр жишээ амжилтад хүрсэн гэдгийг тэмдэглэв. АНУ-ын Евроази дахь гадаад бодлогыг тэрээр хугацааны хувьд гурав, агуулгын хувьд улс төр, эдийн засгийн хэмээн хувааж үзсэн байна. Өнөөгийн АНУ-ын Евроази дахь гадаад бодлого нь 1990 оноос хойшхи буюу 3-р үе дээрээ байгаа бөгөөд АНУ-ын одоогийн засаг захиргаа шийдвэрийг дангаар гаргах биш, тухайн асуудалд хамаарагч тал бүрийн байр суурийг харгалзан үзэж байх зарчмыг баримталж байгаа гэж тэрээр хэлэв.
Монгол Улс нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Цаашид тус бодлогоо агуулгын хувьд улам баяжуулахын тулд гадаад бодлогоо улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрхийг хамгаалах талаар төрөлжүүлэх, нэгтгэх, бүс нутгийн интеграцчлалд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж тэрээр үзэв. Үүнтэй холбогдуулан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) цаашид институтын хэлбэрээ улам боловсронгуй болгож, гишүүн орнуудынхаа харилцааг салбар тус бүрээр илүү баяжуулж өгвөл тус бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Монгол Улсын гадаад аюулгүй орчинг баталгаажуулахад том үүрэг гүйцэтгэх болно гэж тэрээр хэллээ.
ОХУ-ын одоогийн засаг захиргааны бодлого Европын Холбоотой бүх талаараа харилцаагаа өргөжүүлж, улам ойртох чиг баримжаатай болсон. Хэрэв энэ чиг шугам цаашид тууштай бөгөөд илүү идэвхтэй хөгжсөөр байвал Монгол Улс Европтой хил залгах цаг ирэх болно гэж тэрээр лекцээ төгсгөлөө. Доктор З.Бжезински нь АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны Умард Атлантын эвслийг зүүн тийшээ өргөжүүлэх бодлогын суурийг тавьсан хүн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.