Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.20 /
БҮХ САЙД, ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГӨВ
“Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 324 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан “цаашид Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг байнга хэрэгжүүлж, төрийн захиргааны байгууллагын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэртээ тогтмол дүн шинжилгээ хийж байх”-ыг бүх сайд, Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгав. 

Мөн шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэртээ тухай бүр нь нэмэлт, өөрчлөлт оруулж байх, хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар журам, дүрэм гаргах, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэхийг таслан зогсоож, ХЗДХ-ийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу шуурхай арга хэмжээ авч байхыг даалгалаа. 

ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. 
БНЧУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч, ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсдэггүй, авсан ч маш бага хэмжээтэй байдаг юм. 

Хэлэлцээр байгуулснаар монголчуудын БНЧУ-д ажилласан хугацааг  шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцуулж хоёр улсын аль нэгээс тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэнэ.  Мөн манай иргэд БНЧУ-д байх хугацаандаа тус улсын иргэний нэгэн адил тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зүйн үндэс бүрдэхийн зэрэгцээ монгол иргэдийн албан ёсны нэгдсэн бүртгэл бий болох юм. 

Энэ хэлэлцээр Европын Холбооны гишүүн орнуудын нийгмийн хамгааллын талаар бусад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрийн нийтлэг зарчимд үндэслэсэн тул цаашид Европын Холбооны бусад улс, тухайлбал Унгар, Польш зэрэг оронтой иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор Засгийн газар хоорондын ийм төрлийн хэлэлцээр байгуулах туршлага, загвар болно гэж Засгийн газар үзлээ. 

2008 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар БНЧУ-д манай 12 000 орчим иргэн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тус улсын хуулиар даатгуулагч нь тэтгэврийн даатгалд цалингаасаа 6,5 хувь, ажил олгогч 21,5 хувь нийт 28 хувийн шимтгэл, бусад төрлийн нийгмийн даатгал болон татварт цалингийнхаа 32 хувь буюу нийт 60 орчим хувийн татвар, шимтгэл төлж байна.  

МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИН ӨРХ БҮРТ 300 МЯНГАН ТӨГРӨГ  ОЛГОНО

Азийн хөгжлийн банкнаас үзүүлж байгаа 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөнөөс зудын гамшигт нэрвэгдсэн аймгийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж автомашин, тоног төхөөрөмж олгох болон малгүй болсон малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор өрх бүрт 300 000 төгрөг хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод зөвшөөрөв. 

Азийн хөгжлийн банктай тохиролцсоны дагуу 2.572.800.000,0 /хоёр тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс,  Ховд, Хөвсгөл аймгийн 8576 өрхөд олгоно. Үүнээс гадна малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 366 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг УАЗ-31512 маркийн автомашин, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст туулах чадвар сайтай, шуурхай үйлчилгээний 10 ширхэг фургон автомашиныг 185 сая төгрөгөөр,  гамшгийн голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, удирдлагар хангах, гамшгийн тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай эрт зарлан мэдээлэх, гамшгийн голомтоос удирдлага болон бие бүрэлдэхүүнийг холбоо мэдээллээр тасралтгүй шуурхай хангахад зориулж холбооны тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авч дээрх 10 автомашиныг тоноглон /96,2 сая төгрөг/ аймгуудад өгөхөөр болжээ.       

Хүн, малын өвчин дэгдэхээс сэргийлэх, малын сэг, зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, цаашид химийн хорт бодис болон малын гоц халдварт өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг байнга үзүүлэх зорилгоор 240 сая төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг ариутгалын автомашиныг гамшгийн эрсдэл бүхий аймагт хуваарилан олгохоор тогтов.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8,1 сая толгой мал хорогдоод байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Дундговь, Ховд, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт ногдож байна. Гамшгийн улмаас 8576 өрх огт малгүй, 32.756 өрх малынхаа 50-иас дээш хувийг алдаж, малгүй болсон 1400 гаруй өрх аймаг, сумын төвд шилжин иржээ. 

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төслийг боловсруулахдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын  хамрах хүрээг оновчтой тогтоож, төрөөс дэмжлэг шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн байдлаар өөрчлөх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгийн хуваарилалтыг боловсронгуй болгох, үр нөлөөг сайжруулах, төвлөрлийг сааруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нутгийн захиргааны болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үүрэг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зарчим баримталсан байна. 

Төсөл батлагдсанаар :
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, хөтөлбөрийн зохион байгуулалт сайжирч, хамрах хүрээ өргөжинө
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хөтөлбөрт суурилсан байдлаар өөрчлөгдөж зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн үр нөлөө, хүртээмж сайжрана
•    иргэдийг ажилгүй болохоос нь өмнө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж ажилгүйдлийг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ
•    хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн явуулах, хөдөлмөр эрхлэлтийн албаны үүрэг, оролцоо нэмэгдэнэ 
•    ажилгүйдлийн түвшний үзүүлэлт, ажил эрхлэлтийн түүвэр судалгаа Хөдөлмөр эрхлэлтийн албаны бүртгэлээр ялгаатай гардаг байдал арилна
•    хувиараа аж ахуй, хөдөлмөр эрхлэгчдийг жижиг зээлээр дэмжих үйлчилгээ өргөжиж зээлийн баталгаа, барьцаа зэргээс чөлөөлөгдсөнөөр жижиг зээлийн үйлчилгээ эзэндээ хүрч хувийн секторт ажлын байр нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна. 

НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАВ

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулж ирүүлсэн “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам”-ын төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргаж батлахаар болов. Эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, үр ашгийн тооцоог үнэлж ач холбогдлоор нь эрэмбэлэн жил бүрийн 2 дугаар сарын 5-ны дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Журмын дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 5 жилийн хугацаагаар жил бүр тодотгох зарчмаар боловсруулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хамт жил бүрийн 4 дүгээр сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгалаа. 

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдах төслүүдийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хангахад шаардагдах мэдээлэл, тайланг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд гаргаж өгч байхыг бүх яам, Засгийн газрын агентлагт даалгаж, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/, Үндэсний аудитын газар /Ч.Раднаа/, Үндэсний статистикийн хороо /С.Мэндсайхан/-нд зөвлөв. 

Улсын хэмжээнд нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жил харьцангуй өсч Дотоодын нийт бүтээгдэхүүний 25-35 хувьтай тэнцэж байна. 2005 онд төсвийн хөрөнгө оруулалт 90 гаруй тэрбум төгрөг байсан бол уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнийн өсөлтөөс шалтгаалж 2008 онд 620 гаруй тэрбум төгрөгт хүрч бараг 7 дахин өсчээ. 

ТОВЧХОН

•    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачлан боловсруулсан “Галт зэвсгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

•    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид болсон Боаогийн чуулга уулзалтад оролцон Монгол, Хятадын хоёр талын уулзалт хийж, засаг захиргааны тусгай бүс Гонконгод ажилласан дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. 

•     Засгийн газрын 2010 оны эхний 4 сарын хуралдааны дүнгийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар эхний 4 сард 25 удаа хуралдан 305 асуудал хэлэлцсэн /үүнээс хэлэлцсэн 213, танилцсан 92/ байна. 11 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 1 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 37 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 5 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 19 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 17 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 36 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 104 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн байна.  

•    Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, Баян-Өлгий аймгийн баяр наадмыг  2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв. Энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймагт Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хэнтий аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учир Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлтээ орон нутгийн удирдлагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. 

•    “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэв. 

•    Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьектуудын тоонд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байрыг нэмэхээр шийдвэрлэв. 

•    “Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олгов. Санамж бичиг байгуулснаар энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаа цэргийн бие бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, үйлчилгээ, ар талын хангалт, нөхөн төлбөр зэрэг төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг талууд баталгаажуулдаг. Санамж бичиг нь манай улсын цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс буюу 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эрх зүйн талаас нь баталгаажуулж гарын үсэг зурах шаардлагатай байгаа юм. 

•    “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”, ХЗДХ-ийн сайдын дүгнэлтийг тус тус үндэслэн зарим сайд, аймгийн Засаг дарга, агентлагийн даргын хавсралтад заасан хууль тогтоомжид нийцээгүй тушаал, захирамжийг хүчингүй болгов. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон боловч улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулах арга хэмжээ авахыг сайд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо. ХЗДХ-ийн яам 2010 оны 1 дүгээр улиралд 10 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 4-ийг нь хууль, тогтоомжид нийцүүлэн өөрчилж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бол хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа 6 шийдвэрт хүргүүлсэн дүгнэлтийн хариуг баталсан байгууллага, албан тушаалтан ирүүлээгүй байна. 

•    Төсвийн ерөнхийлөн захирагчидтай аймгийн Засаг даргын байгуулж байгаа гэрээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын тухай Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавын мэдээллийг сонсов. 

•    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан Афганистан дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын цэргийн хүчний ажиллагааны Хойд бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцсон дүнтэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Оюутны хотхоны бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлэх үүрэг өглөө
ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн даргаар Н.Мягмарсүрэнг томиллоо
БНЧУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА ЯН ФИШЕРИЙН ТОВЧ НАМТАР
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА ЯН ФИШЕР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
С.Батболд: Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан