Улсын Онцгой комисс 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэн ийм шийдвэр гаргалаа.Сүүлийн 14 хоногт Дорнод, Сүхбаатар аймагт өвчлөл гараагүй бөгөөд дээрх 2 аймгийн нийт малыг вакцинжуулж дууссан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгазлан үзээд Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хорио цээрийн дэглэмийг цуцах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
Хуралдаанаас эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг яаралтай хийх, мал устгасан газарт байнгын хяналт тавьж, анхаарлаа бууралахгүй ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хот орчимд байгаа өвчлөмтгий малын вакцинжуулалтын явцын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 68 хувьтай байна.
Сонгинохайрхан дүүрэгт дутагдалтай байгаа вакциныг өгөх, ирэх даваа гариг гэхэд Нийслэл хотын малыг 100 хувь вакцинжуулахыг Монгол улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн зээрийн хөдөлгөөнийг хязгаарлах, нүүлгэх, өвчилсөн зээрийг устгах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. Өнөөдрийн байдлаар 24 мянган 827 толгой мал, 686 зээр устгаж, 536 зээрийн сэг зэмийг булж устан халдваргүйжүүлэлт хийжээ.