ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА
Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт зогссонтой холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцаллаа. Шүлхий өвчний халдварын голомтод эцсийн ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийх, орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжин ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд шүлхий өвчин 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гарснаас хойш тус аймгийн 10, Дорнод аймгийн 6, Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 2 суманд халдвар тархаж 25 391 толгой мал өвчилснөөс 25 368-ыг нь устгажээ.
Энэтхэг Улсаас авсан 2 сая 720 мянган тун вакцинаар 5,2 сая толгой малын 5 саяыг нь вакцинжуулаад байна. Түүнчлэн Олон улсын Цөмийн энергийн газраас буцалтгүй тусламжаар ирүүлсэн 200 мянган тун, ОХУ-аас худалдан авсан 600 мянган тун вакцинийг шүлхий өвчний эрсдэл бүхий Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын 7,4 сая малд тарьж эхлээд байна.
БИЧИЛ УУРХАЙГААС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРМЫГ БАТЛАВ
“Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болон бодлогын орчин бүрдүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Журмыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Бичил уурхайгаас ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагааг зохицуулах энэ журам 11 бүлэг, 36 зүйлтэй. Иргэд бичил уурхай эрхлэхийн тулд хэрхэн зохион байгуулалтад орох, олборлолт явуулах гэрээ байгуулах өргөдлийг хэнд гаргах, олборлолт явуулах талбайн хэмжээ, хязгаар сум, дүүрэгт ямар байх, үндсэн ордын хүдрийг хаана баяжуулах, боловсруулсан алтыг хэрхэн худалдаж борлуулах, бичил уурхай эрхлэхэд юуг хориглох, төрийн захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллага ямар эрх, үүрэгтэй байхыг журмаар зохицуулжээ.
Сум, дүүргийн хэмжээнд бичил уурхайн зориулалтаар нөхөрлөлд эзэмшүүлэх талбайн хэмжээ 5 гектараас ихгүй байх нь. Нөхөрлөл нь 5-аас цөөнгүй гишүүнтэй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүн байхыг журманд хориглосон байна. Нөхөрлөл нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдөлдөө нөхөрлөлийн нэр, ахлагч буюу эрх бүхий төлөөлөгч болон гишүүдийн нэр, хаяг, талбайн байршлын зураг, олборлох ашигт малтмалын төрлийг заавал тусгахаас гадна иргэний үнэмлэх, гишүүдийн хамтран ажиллах гэрээ, албан татвар төлөгчийн гэрчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлж сум, дүүргийн Засаг даргадаа хандах юм.
Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан судлаж, шаардлага хангасан гэж үзвэл гэрээ байгуулахаар журамд тусгажээ. Нөхөрлөлийн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд сөрөг нөлөөлөл учирсныг мэргэжлийн байгууллага тогтоовол Ашигт малтмал олборлох гэрээг цуцлана. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гишүүдийн шинээр байгуулсан нөхөрлөлтэй Ашигт малтмал олборлох гэрээ дахин байгуулахгүй юм.
ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Түвдэнгийн Очирхүүг Сангийн дэд сайдын, тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, хүсэлтээ гаргасантай нь холбогдуулан Цэрэндоржийн Содномпилийг Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын, өөр ажилд томилогдон ажиллах хүсэлтээ гаргасан Шайрайн Батсүхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.
Эрүүл мэндийн газар болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргыг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
ХҮННҮ ГҮРНИЙ ОЙГ ИРЭХ ЖИЛ ТЭМДЭГЛЭНЭ
Ирэх жил болох Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ахална. Хүннү гүрний 2200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь Монголчууд нүүдэлчдээс анх удаа төрт улсаа байгуулсан, соёл иргэншилт хөрш улсуудтай эн тэнцүү харьцдаг байсан зэргийг харуулж, улс орноороо бахархах, эх оронч үзэл төлөвшихөд чухал хувь нэмэр болно гэж Засгийн газар үзэж байна.
Хүннү гүрэн нь одоогийнхоор бол олон үндэстний улс байсан учир тэгш ойг Ази, Европын олон оронтой хамтран тэмдэглэж нүүдэлчдийн түүх, соёлыг дэлхийд таниулах боломж ч бүрдэх юм. Монголчуудын төр ёсны уламжлал МЭӨ 209 онд нүүдэлчдийн түүхэнд анхны эзэнт гүрэн байгуулсан Хүннүгээс язгууртай. Хүннү гүрний төрд засаг захиргааны гурван гарт хуваах зарчим, 10-тын тогтолцоо, түшмэдийн аппарат, хэв хууль, алба гувчуур, цэрэг арми, хууль, шорон, гяндан зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, элчин харилцааны тусгай дэг жаяг байжээ. Төрийн эдгээр шинж, бүрдлийг 13 дугаар зууны Их Монгол Улсын төр уламжлан авсныг судлаачид нотолсон байна.
Хүннү гүрэн асар уудам нутгийг эзлэн оршиж байсан ч төр улсын голомт, тархан сууж байсан газар нутгийн дийлэнх нь одоогийн манай улсын нутаг дэвсгэрт багтдаг. Иймээс ч Хүнүгийн үеийн 5 мянга орчим булш, 20 орчим хот, суурин, 7 оршуулгын дурсгалт газар манай улсын нутагт илрээд байна.
ЧИН ВАН М.ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨ-ЦОГЦОЛБОРЫГ МУЗЕЙ БОЛГОНО
Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой түүхэн дурсгалт байшин Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байдаг. 2011 онд тохиох Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар боллоо.
Цогцолборыг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгийг гадаад дотоодын тусламж, төслөөс гаргахаар шийдвэрлэв. Чин ван М.Ханддорж энэ байшинг өөрийн хөрөнгөөр бариулж 1913-1915 онд амьдарч байжээ. 1915 оноос хойш түүний хүү Х.Жамбалдоржид шилжсэн бөгөөд Ардын засгийн эхний жилүүдэд буюу 1922 он хүртэл Хичээнгүй сайд Б.Цэрэндорж амьдарч байсан түүхтэй.
БНСУ-Д МОНГОЛЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2011 онд БНСУ-д Монголын жилийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулан байгууллаа.
Монголын жил нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлах чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монголын жилийн нээлт, соёлын өдрүүд, эрдэм шинжилгээний бага хурал, хөрөнгө оруулагчдын форум, хүүхэд, залуучуудын солилцоо, аялал жуулчлалын үзэсгэлэн, дурсгалын марк гаргах зэрэг олон арга хэмжээ зохиох юм. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд энэ онд БНСУ-ын жилийг манай улс амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар илгээлт солилцож, боловсрол, соёлын 16 хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурал, эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хурал, мод тарих аян, эмч нарын үнэ төлбөргүй үзлэг-оношлогоо, хүүхэд, залуучуудын солилцоо зэрэг 24 арга хэмжээг зохиожээ.
БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, сурч, амьдардаг гэсэн тоо бий. Тус улсаас манай улсад жилд 40 гаруй мянган хүн жуулчилдаг бөгөөд энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна. Манай хоёр орны худалдааны нийт хэмжээ 170 сая ам доллар, БНСУ-ын хөрөнгө оруулалт 31 сая ам доллар болсон нь хэмжээгээрээ гуравт ордог. Үүнээс гадна төр, хувийн хэвшил, иргэдийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаа юм.
ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд байгуулах “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Манай талын хүсэлтээр хоёр улс хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулах, Хятадын нутагт ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэх талаар 2005 оноос хойш талууд санал солилцож байна.
Хэдийгээр гэрээ байгуулаагүй ч хамтын ажиллагааны дүнд манай улсын 2, БНХАУ-ын 1 иргэнийг харилцан эх оронд нь шилжүүлэн, тухайлсан гэрээ байгуулахыг зарчмын хувьд тохирч, хэлэлцээг хоёр талаас явуулахаар болсон.
“Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
ТАМИРЧДЫГ ШАГНАНА
Жүдо бөхийн дэлхийн цом-2010, кикбоксын дэлхийн цом, сонирхогчдын сумо бөх, өсвөрийн шатарчдын, самбо бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн спортын 16 дугаар наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч нарт Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн мөнгөн шагнал олгохоор тогтлоо.
ТОВЧХОН
• Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
• Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотод Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн төслийг зүйтэй гэж үзэв. Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо.
• “Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр“-ийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах бүрэн эрхийг Батлан хамгаалахын сайд Л.Болдод олгов.
• Насанд хүрээгүй иргэдийн цэргийн бэлтгэлийг багтаасан нэмэлт хөтөлбөр бүхий ерөнхий боловсролын тусгай сургуулиудад насанд хүрээгүй иргэдийг бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олголоо. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургах, суралцагсдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг дээд түвшинд хүлээн зөвшөөрүүлэх юм. Хоёр улсын яам хоорондын гэрээний дагуу манай 20 хүүхэд ОХУ-ын Омск хотын Кадетын сургуульд суралцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.