Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дүрмийн сангийн Оросын талд ногдох 125 сая ам. долларыг энэ онд багтаан Оросын талаас гаргуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
Харин дүрмийн санг нэмэгдүүлэхэд шаардлагатай монголын талын 125 сая ам. долларыг 2011 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхийг хувь нийлүүлэгчид тохиролцжээ.
Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа юм. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байна.
ТӨМӨР ЗАМЫН ПАРКИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг төмөр замын зам барилга, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэхэд ашиглахаар Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
“Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-өөс 24,307,840 ам. доллар үлдсэн байна. Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх гэрээг БНХАУ-ын Төмөр замын өмнөд корпорацитай шууд байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, БНХАУ-ын Эксим банктай 2010 оны 9 дүгээр сард байгуулсан “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа.
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
“Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд стратеги төсөл” болон “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Эдгээр төслийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын 300 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл” төслийн оронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
“Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд улсын хэмжээнд сургууль бүрт 2 цахим хөдөлгөөнт лаборатори нэвтрүүлж, 60 хүртэл зөөврийн компьютер нийлүүлэн өндөр хурдны интернетээр холбоно. Мөн багш бүрийг зөөврийн компьютертэй болгож сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан цахим номын сан, бичил цахим эрүүл мэндийн шинжилгээний төв бий байгуулах юм.
“Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 20-25 морины хүчтэй, хадлангийн зориулалттай бага оврын 1,100 трактор, 30-35 морины хүчтэй, хүнсний ногооны зориулалттай дунд оврын 170 тракторыг иж бүрдлийн хамт худалдан авч, жилд 1000 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна.