Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Бага цалинтай хүмүүст Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.23 /
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ
 
Онол, практикийн бага хуралд оролцож буй төлөөлөгчдөдөө энэ өдрийн мэнд хүргэе.

Та бүхэндээ Засгийн газрын болон Жендерийн Үндэсний хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.  Төр улс, нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийн хөгжлийн маш чухал асуудлаар ярилцах энэ бага хурлыг төлөвлөснийхөө дагуу зохион байгуулж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Гэр бүл бат бэх байх, уламжлалт ёс заншлыг хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэх талаар соён гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлнэ...” гэж тусгагдсан. Энэ дагуу гэр бүл, хүүхэд, залуучуудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар нухацтай хэлэлцэхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг, чиглэл өгч, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, үндэсний ба олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч та бүхэн энэ асуудлаар хуралдаж байна.

Нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийг бэхжүүлэх, хүн бүрийг нийгмийн идэвхтэй, эрх тэгш гишүүн болгон төлөвшүүлэхийн төлөө бодлого, эрх зүйн орчноо боловсронгуй болгоход эдүгээ дэлхий нийтээрээ ихэд анхаарах боллоо. Мөн нийгмийн баялгийн хуваарилалтыг гэр бүл бүрт тэгш, шударга, хүртээмжтэйгээр хүргэх талаар олон санал санаачилга өрнөж байна.

Манай ард түмэн “Өрх гэр-төр улс”, “Төр улс-өрх гэр” гэсэн үзэл номлолыг баримтлан, өрх гэрээ өөд татан дэвжээх нь төр засгаа төвшитгөн засахын адил гэж үзэн ахуй амьдралаа зохицуулдаг сайхан уламжлалтай. Монгол төр нь иргэн, гэр бүлээ дээдэлсэн бодлого явуулж, гэр бүл нь төрийнхөө өмнө үүрэг хариуцлага хүлээж харилцан шүтэлцээтэй явж ирсэн.

Гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг төрийн бодлогын төвд байлгаж, гэр бүлийг бэхжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцаанд, үндэсний соёл, ёс заншлаа хадгалах, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх, гэр бүлд төрөөс үзүүлэх  нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх нь гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах өнөөгийн бодлогын гол зорилтуудын нэг билээ.

Засгийн газрын тэргүүний хувьд гэр бүлийн институцийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа нэг бус удаа илэрхийлж ирсэн. Тиймээс хүний хөгжлийг хангах, гэр бүлийг дэмжих нь Засгийн газрын бодлого үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байх болно. Гэр бүл бүр сэтгэл хангалуун амьдрах орон байртай, ажил төрөлтэй, амьжиргаандаа хүрэлцэхүйц орлоготой, үр хүүхдүүд нь эрүүл чийрэг, сайн боловсрол, мэргэжилтэй болж өсөн дэвжих нөхцлийг бүрдүүлэх эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангахыг Засгийн газар зорьж ирлээ.

Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг тогтмол өсч байгаа төдийгүй 2010 он бидний хувьд хямралын дараахь эдийн засгийн сэргэлтийн онцлог жил байлаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар өрхийн мөнгөн орлого 465.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мянган төгрөгөөр буюу 23.2 хувиар өсчээ. Ажилгүйдлийн түвшин ч мөн 1.9 пунктээр буурсан таатай мэдээ бий.

Цаашид манай эдийн засагт уул уурхай голлох байр суурь эзэлнэ. Засгийн газраас уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхлэх бодлого хөтөлбөрөө гаргаад ажилдаа орлоо. Орд баялаг ашигласнаас олох ашиг орлогыг авто болон төмөр зам, эрчим хүчний сүлжээг өргөтгөх, орон сууцны хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжлийг хангах, өрхийн амьжиргааг дэмжихэд зориулах замаар дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ.

Улсын төсвийн орлого нэмэгдэж,  зарим боломж бий болж байгаа хэдий ч бүх зүйлийг зөвхөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, уг хуулийн хүрээнд үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлэгт оновчтой хүргэх замаар өрх бүрийг тогтмол орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй болгоход анхаарч байна.

Гэр бүлийн эдийн засаг нь тогтвортой, сайн сайхан амьдрах боломжтой байх нь манай орчин үеийн гэр бүлийн нийтлэг зорилт болох ёстой. Үүний тулд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага суларч, хүний мөс чанар муудаж, гэр бүлийн үнэт зүйлс алдагдаж, задрал явагдаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэн судлаачид хийх боллоо. Үнэхээр ч манай гэр бүлүүд сэтгэл, итгэл, оюуны үнэт зүйлээс илүү материаллаг хүчин зүйлийг шүтэн, уламжлалт ёс заншил, амьдрах арга ухаан, ураг төрлийн нандин хэлхээ холбоо алдагдах болсны саар жишээ хэвлэл мэдээллээр цөөнгүй гарч байна.

Монгол хүн бүр гэр бүлийн үнэт зүйлсийг дээдэлж, бэхжүүлэх талаараа идэвхи санаачилга, сэтгэл зүтгэл гаргах цаг болжээ. Гэр бүл дэх эцэг эхийн харилцаа, ёс суртахуун, зөв заншил уламжлал нь тухайн гэр бүлд өсөн торниж буй хүүхдийн ирээдүйн амьдралын толь болдог. Иймд улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн маань өсч торних гэр бүлийн орчинг халуун дулаан, эвсэг зөөлөн байх нөхцлийг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм, гэр бүл, эцэг эх, хүн бүрийн үүрэг хариуцлага маш чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Ядуурал, архидалт, нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зовоосон асуудал хэвээрээ байна. Зуд, байгалийн гамшгийн нөлөө, ажлын байрны хомсдлоос үүдэлтэй хот суурин газар руу шилжих хөдөлгөөн саарахгүй байна. Үүний улмаас түүнийг дагасан нийгмийн хүндрэл бэрхшээл  тухайлбал орон гэргүй, орлогогүй өрхийн тоо өсч, наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдрах гэр бүлийн тоо нэмэгдэх боллоо. Мөн эцэг эхийн үр хүүхэддээ тавих хараа хяналт суларснаас хүүхэд багачууд аливаа гэмт хэрэгт өртөх, гэр орноосоо дайжих явдал ч байсаар байна. 

Ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа олон өрхийн орон байрны асуудлыг шийдэх, “Халамжийн орон сууц” хөтөлбөрийг НҮБ, Хабитат зэрэг олон улсын байгууллагын туршлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг болсон. Өсвөр үеийг хүмүүжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, шинэ гэр бүлийг бэлтгэн бэхжүүлэх нь зөвхөн төр засгийн ажил биш юм.

Манай телевизүүдээр дамжуулж буй нийт нэвтрүүлгийн 60 гаруй хувь нь сөрөг мэдээллийг ямар нэг хэмжээгээр агуулдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн гэр бүлийн хөгжлийг хангах  үйл хэрэгт нэн хариуцлагатай хандах цаг болсон гэдгийг цохон тэмдэглэе.

“Гэр бүл-өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт энэ онол практикийн хурал НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн туслалцааны баримт бичигээ шинэчлэн боловсруулж байгаа үед зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Учир нь НҮБ-аас манай улсад үзүүлэх хөгжлийн туслалцааг өнөөдрийн хурлаас дэвшүүлэх гэр бүлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Засгийн газрын тэргүүний хувьд би гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх талаар дараах санал, санаачилгуудыг гаргаж, хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллах болно.
- Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах бүтэц бий болгон ажиллуулна.
- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрхийн амжиргааг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд батлан хэрэгжүүлнэ.
- Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар шинэ санаачилга гаргана. Мөн он удаан жил ханилсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэдийг урамшуулдаг, алдаршуулдаг тогтолцоо бий болгох саналтай байна. Өөрөөр хэлбэл бат тогтвортой, өнөр сайхан гэр бүл нь манай нийгмийн уламжлалт үнэт зүйл хэвээр байх учиртай. 
- Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээ, дэмжлэгийн тогтолцоог шинэ шатанд гаргах цаг болсон. Гэр бүлийг дэмжих хөрөнгийг хүнд сурталд биш шууд гэр бүлд нь хүргэдэг болгомоор байна. Гэр бүлийг дэмжсэн аливаа үйлчилгээг төрийн зүгээс санхүүжүүлэх арга замыг бид нээн хэрэгжүүлнэ.
- Гэр бүлийг бэхжүүлэхэд эцэг хүний хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч байна. Ялангуяа хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог ёс суртахуун, хууль эрх зүйн механизм бий болгох ёстой. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай Засгийн газар бүх талаар дэмжинэ.
- Хүн амын орлогын албан татварыг ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэх санал байна. Тухайлбал, бага цалинтай хүмүүст хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт тавьж ажиллана. Энэ бодлогоо би ядуурлыг бууруулахад зохих үр дүнтэй, иргэнд, гэр бүлд хүрсэн өгөөжтэй зүйл гэж харж байна.
- Нийгмийн хамгааллын бодлогод өөрчлөлт оруулж хувь хүн, хүн амын бүлгүүдэд бус гэр бүлд чиглэсэн, гэр бүл төвтэй байхыг эрхэмлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн гэр бүлд дэмжлэг үзүүлэх гол шалгуур нь тухайн гэр бүл өөрөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч байх явдал болно. Гэр бүлийн хөгжилд аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тэдний оролцоог бий болгох шинэ санал санаачилгуудыг өрнүүлэх хэрэгтэй байна. Ажлаа бодох нь зүйн хэрэг боловч ажилтан, ажилчдынхаа нийгмийн, ар гэрийн асуудлыг хэрхэвч орхигдуулах учиргүй ээ.

Эцэст нь хэлэхэд, гэр бүлийн талаарх бодлогоо баяжуулж, шинэчлэх шаардлага байгааг цохон тэмдэглэе. Зөв бодлого нь гэр бүлийн салалт, хүчирхийллээс үүдэлтэй манай нийгмийн олон асуудлыг засч залруулж гэр бүлийг бэхжүүлэн түүний хөгжлийг хангаж чадна. Тиймээс л би гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө байна.

Ирэх жилийн хүрээнд гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан өнөөгийн бүтэц, тогтолцоо, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Та бидний хамтын хүчин чармайлт энэ жилд зохих үр дүнд хүрч гэр бүлийн цоо шинэ үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.

“Ажилдаа урамтай явж, гэртээ баяртай ирэхийг аз жаргал хэмээнэ” гэсэн хэлц үг бий. Энэ бол иргэн бүр ажилтай, орлоготой, хамт олонтой, тав тухтай орон байртай, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхыг илэрхийлсэн үг биз ээ. Ийм орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана. Онол, практикийн энэ бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж айл өрх, гэр бүлийн талаар үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байна.

Онол практикийн бага хуралд амжилт хүсье.

2010 оны 12 дугаар сар 23

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ
Гурванбулагийнхан Ерөнхий сайд С.Батболдод талархлын бичиг явуулжээ
ШАДАР САЙД М.ЭНХБОЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА
С.Батболд: Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГИЙН ДҮРМИЙН САНГ НЭМЛЭЭ
Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан