“Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор асч, хүчээ авч эхэллээ. Тас цавчих арга хэмжээний эхний сайн үйлдлүүд гарлаа ” гэх энэ дүгнэлтийг төрийн албан тушаалтнууд биш Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болоод Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон гаргалаа. Өнөөдөр төрийн ордонд болсон “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн гуравдугаар хуралдааны үеэр ийм дүгнэлт хийлээ.
Тус хуралдааныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргалсан бөгөөд энэ ажлыг эхлүүлснээр бизнесийн орчин шууд сайн болчихгүй зөвхөн суурь тавигдаж байгааг , бас он дууссанаар энэ ажил дуусахгүй цааш үргэлжилнэ гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ бизнесийн шинэтгэлийн жилийн хүрээнд бизнесийн орчинг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод ойлгомжтой болгон хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсныг зарим тоо баримтаар дурьдлаа.
Тухайлбал, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулснаар 10 гарын үсэг хоёр болсон бол, барилгын бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрлийн гарын үсэг 16 байснаа зургаа болж цөөрснийг , мэргэжлийн хяналтын байцаагч нарын гарын үсэг наймаас дөрөвт хүрснийг энд онцлов. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн өдөр тутам харьцдаг гааль, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэлийн үйлчилгээ нэг цэгийн үйлчилгээнд шилжиж, цаашид энэ ондоо багтаан тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэх болно гэдгийг тэмдэглэлээ.
Хуралдаан дээр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дарга Ч. Хашчулуун энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгааг мөн хэллээ. Харин энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч , шадар сайд М.Энхболд хийсэн мэдээлэлдээ нийт 11 яам , 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалт гаргасныг дуулгаад, үүнээс 107 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал боловсруулаад байгааг тэмдэглэж байлаа.
Өөрөөр хэлбэл эдгээр зөвшөөрлийн 35.6 хувь нь Засгийн газар,яам,засгийн газрын агентлагаас олгож байгаа зөвшөөрөл бөгөөд эдгээрийн гуравны нэгээс илүү хувийг хүчингүй болгож байгаа гэсэн үг юм. Төрөөс олгож байгаа зөвшөөрлийн тоог бууруулах, хүнд суртлыг багасгах бас нэг арга нь зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэж ажлын хэсэг үзэж буйгаа ч энд тэмдэглэж байсан. Барилга барихын тулд 114-120 албан тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг авч, энэ ажилд дунжаар 480 гаруй хоног зарцуулдаг гэх судалгаа байдаг бөгөөд, гарын үсгийг 56 болгож, хоногийн тоог 182 хоног болгож бууруулах бололцоо бийг ч шадар сайд дурьдаж байсан. Мөн эдгээр ажлыг хийхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэх мэт 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах болж байгааг ч тэмдэглэж байсан юм.
Харин Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч Жанцан гуайн дурьдсанаар энэ ажил цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, төрийн албаныхны хатуу чих, хүнд суртал зөөлөрч, бизнесийнхний үгийг сонсдог болсон нь 2010 оны хувьд хамгийн том амжилт гэдгийг тэмдэглэсэн юм. Эцэст нь Ерөнхий сайд эдгээр мэдээллийг сонссоны дараа “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хариуцаж байгаа салбарын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомж, хуулийн нэмэлт өөрчлөлт, бодлого хөтөлбөрийг 12 дугаар сарын 20-ны дотор багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд бизнесийн шинэтгэлтэй холбоотой шинээр боловсруулж байгаа болон нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тогтоолын төслийг 2010 оны УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг хуралдааны төгсгөлд тэмдэглэж, үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.