Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Ховд аймаг дахь Улсын нөөцийн цэг, салбарт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэлээ. Тээврийн зардалд шаардагдах 650 орчим сая төгрөгийн асуудлыг ирэх пүрэв гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх болсон байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасанд дарагдан 14 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй боллоо. Зарим нутагт цасны зузаан 20-40, гуу жалгандаа 40-100 см хүрснээс малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, хашаа, саравчиндаа тэжээх нөхцөл бүрдсэн байна.
Ялангуяа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дундговь, Өмнөговь аймагт олон жилийн дунджаас хэд дахин их цас орж, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 26-38 градус хүртэл хүйтэрч байна. Иймээс Улсын Онцгой комисс 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуралдан аймаг, орон нутаг дахь нөөцийн цэг, салбарт өвс, тэжээл нэмж байршуулах шийд гаргалаа.
Оны өмнө гаргасан Улсын Онцгой комиссын албан даалгаврыг малчид, иргэдэд хүргэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхаарах, баруун аймгуудад зам, даваа цасанд хаагдаж байгаа учир тухай бүр шуурхай нээж байхыг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгов. Баг, сум, аймаг, малчин өвс, тэжээлийн 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үүний биелэлтийг авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцгойлон анхаарууллаа.
Мөн хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар хэлэлцлээ.
2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 7 аймаг, нийслэлийн 6,7 сая малыг бүрэн вакцинжуулаад байна. Цаашид шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн баримт бичгийг боловсруулан батлуулах гэж байгаа тухай Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага мэдээллээ. Вакцинжуулсан малд дархлаа тогтсон эсэхийг шалгах, вакцины хадгалалт, хамгаалалтад анхаарахыг Улсын Онцгой комиссын дарга үүрэг болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 дүгээр сарын 12, 15-16-нд баруун зүгийн нутгаар, 13, 17-нд ихэнх нутгаар, 14, 18, 20-нд нутгийн зүүн хэсгээр, цаашдаа сарын гуравдугаар 10 хоногийн эхэн ба дунд үед нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байна. Энэ үеэр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говийн нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.
Агаарын температур 13-22-нд жиндүү хүйтэн байх нь. Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндий, Дархадын хотгороор өдөртөө 28-35, шөнөдөө 38-43 градус хүйтэн байна. Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар өдөртөө 24-31, шөнөдөө 33-38 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 16-23, шөнөдөө 24-32 градус хүйтэн байх төлөвтэй. Харин гуравдугаар 10 хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 10 хоногийнхоо дунд үеэр хүйтний эрч дахин чангарна.
2 дугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх ч ахиу цас орох төлөвтэй байна.