Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн харьяанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар багтдаг бөгөөд эрхлэх асуудлуудын хүрээнд Чөлөөт бүс болон Үйлдвэржүүлэлтийн бодлогууд багтдаг. Тэрээр харьяа агентлагийн удирдлагуудыг шинэ оны эхний өдрүүдэд хүлээн авч уулзан ирэх жилд хийх ажлаа тодорхойлж, өмнөх жилийн алдаа оноогоо дүгнэж ярилцдаг уламжлалт уулзалтыг өчигдөр хийлээ.
Улсын бүртгэлийн газрын хувьд 2010 онд Иргэний шинэчилсэн бүртгэлийг амжилттай зохион байгуулсныг сайшааж бүртгэлд хамрагдаагүй үлдсэн гэх 70,000 орчим иргэний бүртгэлийг яаралтай хийх, мөн иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан бол Стандарт хэмжил зүйн газрын хувьд 2011 онд Европын стандартыг нутагшуулах томоохон ажил хүлээгдэж буй. Энэ ажилд хурдтай, бүтээлч байдлаар хандах шаардлагатай. Улсын бүртгэлийн Ерөнхий газрынхантай долоо хоног бүр тогтмол цагт уулздаг уулзалтыг Стандартын газарт мөн хэвшүүлэх шаардлагатайг онцоллоо. Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бүх харьяа агентлагууд өөр өөрийн зорилтот хийх ажлаас гадна идэвхтэй оролцож, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд зөвхөн ганц гомдлын хойноос хөөцөлдөх биш, иргэн компанийн хоорондын ойлголцолд гүүр болж ажиллах, гэхдээ аль болох иргэдэд хүндрэл үүсэхгүй байхаар асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулахыг сануулсан юм . Нүүрс олборлодог компаниудын хувьд үнээ нэмэх саналыг Засгийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар удаа дараа хүргүүлээд байгаа ч Тэргүүн шадар сайд энэ асуудлыг одоохондоо зөвшөөрөхгүй гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Тэрээр Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудад аль нэгэн компанийн мэдэгдэл тоотод баригдаж ажиллах бус харин нийт иргэдийн эрх ашигт нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Үнэхээр алдагдалтай ажиллаж байсан бол урин дулаан, халуун намар ямар тооцоо судалгаан дээр явж ирсэн юм, заавал өвлийн ид хүйтэн, ачаалалтай үед үнэ нэмж иргэдэд хүндрэл үүсгэх, хүйтнээр далимдуулан шантаажлах маягаар бичиг тоот явуулдаг байдал байж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан юм.
Оюуны өмчийн газрын хувьд өнгөрсөн 2010 онд Койка болон Оюуны өмчийн Үндэсний стартегийг боловсруулах ажил энэ жил мөн үргэлжлэн хийгдэнэ. Гэхдээ Монгол гэсэн амбицийг жаахан тод томруун болгож, уламжлалт мэдлэг генетикийн нөөцийг гаргах талаас нь илүү анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөлөө. Харин чөлөөт бүсүүдийн хувьд хөрөнгө мөнгөө авсан ч ажил явдаггүй удаашралтай байгааг шүүмжлээд 2011 онд ямар ч байсан бүтээн байгуулалт хийгдэж үйл ажиллагаа түрүүчээсээ эхлэх хэрэгтэйг сануулж энэ ондоо шинэ санаа шинэ бүтээн байгуулалтыг бий болгож төрийн албаны хүнд суртлыг багсгаж иргэддээ ойр, эрч хүчтэй ажиллахыг санууллаа.