Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцсаны дараа аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзав.
Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа. Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, Их бүтээн байгуулалт, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хэрэгжилт, цалин, тэтгэврийн нэмэлт, Атрын III аян, боловсролын салбарын шинэчлэл, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, цөлжилтийг сааруулах зэрэг чиглэлээр олон ажил хийж, цаашид ч хийхээр зорьж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Төв аймаг энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэж гурилаас бусад хэрэгцээгээ өөрсдөө хангаж байгааг тэрээр сайшаалаа. Гэхдээ мах, сүү, хонины ноос гэхэд л 0.3-30 хувийг нь л үйлдвэрийн аргаар боловсруулж үлдсэнийг нь түүхийгээр зах зээлд нийлүүлсэн хэвээр байгааг анхааруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, нөөц бололцоогоо сайтар ашиглахыг сануулав.
Мөн нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах үүргээ биелүүлэх, аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал гэж Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэв.
Хамтарсан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ялангуяа эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч байгаа бодит ажил үр дүнгээ өгч байгааг уулзалтад ирсэн иргэд илэрхийлж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг Монгол хүнийхээ төлөө, сульдсан эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж сайн ажиллаж байгааг иргэд онцолж улам сайн ажиллана гэсэн хүлээлт өндөр байгааг ч хэлж байлаа. Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хийж байгааг иргэд үнэлж байдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв.
Тэд аймгийн төвийн ашиглалтгүй байгаа дулааны станцыг ажилуулж эхлэх, гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх, газар тариалангийн салбарын техник, технологийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх, хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжилтэй болгож байх, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улаанбаатар-Төв аймгийг холбосон замын чанарыг сайжруулах, Төв аймаг-Налайхын замыг хатуу хучилттай болгох талаар асууж хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.