Юуны өмнө энд хуран цугласан эрдэмтэд, судлаачид та бүхний энэ өдрийн амрыг эрье! Чухал сэдвээр та бүхэн зөвлөлгөөн хийж байгаад баяртай байна. Аливаа хөгжил шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан хөгжиж урагшилж явдаг. Иймд өнөөдрийн зөвлөлгөөнөөс шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөгжлийн бодлого боловсруулах шинэ санаануудыг тусгасан зөвлөмж гарах байх гэдэгт найдаж байна.
Би өнгөрсөн зургадугаар сард ШУА-ийн удирдлагуудыг урьж уулзаж, цаашид улс орны хөгжлийг шинжлэх ухаантай яаж уялдуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг яаж уялдуулан хөгжүүлэх талаар саналаа солилцсон. Энэ ярилцлагын хүрээнд өнөөдөр энэ зөвлөгөөнийг хийж байна гэж ойлгож байна. Манай орны хөгжлийг авч үзэхэд нэлээд нааштай зүйлүүд их байгаа боловч анхаарах зүйл бас их байна. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс чамгүй урагшилж 18 пунктээр урагш ахисан үзүүлэлт гарсан. Гэвч энэ бол тууштай биш үзүүлэлт юм. Би хойш татаж байгаа зүйлүүдийн талаар яримаар байна. Манай улсын дэд бүтэц, санхүүгийн тогтолцооны хангалтгүй байдал, технологийн инновацийн хөгжил сул дорой байна гэсэн шалгуурт орсон байна. Иймд бид энэ тал дээр дүгнэлт хийх ёстой.
Дараагийн нэг анхаарах асуудал бол нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх явдал юм. Манай үндсэн үйлдвэрлэл бол хөдөө аж ахуй, уул уурхай. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28.7 хувь, түүн дотроо боловсруулах үйлдвэрийн салбарын эзлэх хувь дөнгөж 6 хувь байна. Манай орны экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ба өртөг шингээж чадахгүй, бүтээгдэхүүнээ түүхий эд чигээр нь гаргаж байна гэсэн үг юм.
Манай орны бас нэг бэрхшээл бол далайд гарцгүй орны зардал юм. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг далайд гарцгүйгээсээ болж гаргаж байна. Тухайлбал, зэсээр жишээ авахад 25 хувийн баяжмал, 75 хувийг шороог зөөж байна гэсэн үг юм. Бид түүхий эдээ түүхийгээр нь гадаадад гаргаж, дээрээс нь далайд гарцгүйн улмаас транзит тээврийн зардал нэмэгдэж байгаа юм. Үүнд бид анхаарах ёстой. Яаж бид үндэсний эдийн засгаа үр өгөөжтэй, нэмүү өртөг шингэсэн байх их гарааг яаж тодорхойлох, төр засгаас бодлогоор яаж дэмжих талаар цогц бодлого боловсруулах хэрэгтэй байна.
Манай орныг эмзэг эдийн засагтай гэж гадаадад үздэг. 1-2 зүйлийн бүтээгдэхүүний зах зээлээс шууд хамаардаг эдийн засгийг эмзэг гэж нэрлэх бөгөөд манай эдийн засаг бол ганцхан зэсийн зах зээлээс шууд хамаарч байгаа юм. Сүүлийн үед түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байна. Иймд экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, төрлийг нь нэмэгдүүлэх, ганц бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад бид бодлогоо хандуулах ёстой.
Манайд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавих талаар хийсэн зүйл бий. Бид Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Шүүмжлэл их байдаг. Энэ нь хэр үндэслэлтэй юм бол, үнэхээр хэт өргөн дэлгэрэнгүй, бүхий л салбарыг хамарснаас алдаа гарсан уу гэдгийг бодох л хэрэгтэй. Гадаадын орнуудын туршлагаас харахад тодорхой салбарыг сонгон авч, түүнийг хөгжүүлэх зорилт, түүндээ хүрэх арга замыг тодорхойлсон байдаг. Бид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан, манай орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг гаргаж, хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга замыг тодорхойлох үүрэгтэй байгууллага. УИХ-аас Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон төслүүдийн жагсаалтыг гаргаад байна.
Өндөр технологийг хөгжүүлэх баримт бичгийг гаргалаа. Удирдлагын институтийг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна. Мөн өндөр технологийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Улсын хөгжлийн бодлогын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хөгжлийн банк”-ийг байгуулахаар болоод байна. Энд мөн улс орны томоохон асуудлууд тэр дотроо шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог дэмжсэн томоохон төслүүдийг дэмжих, санхүүжүүлэх зорилготой.
Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход тодорхой алхмуудыг хийж байна. Бид концепцийн хууль, үйлдвэрийн технологийн паркийн эдийн засгийн орчны тухай хууль, төрөөс аж үйлдвэрийн парк байгуулах тухай хууль зэрэг олон хуулиудыг батлан гаргаад байна.
Бодлогын хөгжлийн талаар үйлдвэржилтийн хөтөлбөрийг 2009 онд баталсан бол энэ онд “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан гаргалаа. Энэ хөтөлбөрөөрөө гадаад оронд ажиллаж амьдарч байгаа үндэсний мэргэжилтнүүдээ татаж авчрах бодлого баримталж байна. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг бид авч хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Та бүхний зохион байгуулж байгаа энэ зөвлөлгөөнөөс ч гэсэн олон арга хэмжээний шинэлэг санаанууд гарна гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны ажил, их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг хэрхэн уялдуулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, гаднын орны дэвшилтэт технологиудыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах зэрэгт анхаарах шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд суурь судалгааны ажлаас гадна шинжлэх ухаан технологийн төслийн хавсарга судалгааг хийхэд илүү анхаарч орчин үеийн шинэлэг стандарт, аргазүй, аргачлалыг сурч эзэмших зорилтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
ШУА-ийн удирдлагуудтай уулзсан уулзалтын үеэр бид ярьсан. Бидний адил хөгжиж байгаа ижил төстэй орны шинжлэх ухааны ололт амжилтаас судалъя. Тухайлбал Зүүн Европын орнуудын стандартыг судлах, зөв зүйтэйг нь авч хэрэгжүүлье. Яагаад вэ гэвэл, социализмын үед бид СЭВ-ийн орнуудын түвшинд нэг ижил стандартыг мөрдөн ажилладаг байсан. Одоо тэр орнууд маань Европын холбооны бүрэлдэхүүнд орж нэг айл болж, Холбооны Герман, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын стандартыг аваад хөгжиж байна. Иймд бид Европын холбооны гишүүн орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцоод байна.
Дараагийн нэг чиглэл бол технологийн асуудал юм. Технологийн хувьд бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо өөрийн орны нөхцөлд тохирсон гаднын технологийг шилжүүлэх, нутагшуулахад илүү их анхаарах шаардлагатай байна. Би саяхан Канад улсад айлчлаад ирлээ. Канад улсын хөгжил, зан заншил өөр ч гэсэн байгаль цаг агаар нь манайхтай адил, өвлийн хүйтэнд 50 хэм хүртэл хүйтэрдэг нь жирийн үзэгдэл, цэвдэг хөрстэй, хүйтэн орон юм. Энд эдийн засгийн дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй маш сайн технологиор хөгжсөн байна. Иймд энэ технологиудыг өөрийн оронд шилжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлах хэрэгтэй байна. Канад улсын эдийн засгийн гол салбар нь манайхтай адил хөдөө аж ахуй, уул уурхай байсан. Энэ салбаруудын хөгжлөөрөө загвар орон болсон төдийгүй Чили улсад Канадын уул уурхайн технологи нэвтэрсэн байна. Иймд бид байгаль цаг уурын ижил төстэй орны хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мал аж ахуй, зам барилгад өөрийн өртөг багатай технологийг нэвтрүүлэх, хуулбарлах, шилжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр гаднын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэх болно.
АНУ-ын Натогийн цэргийн командлагчаар ажиллаж байсан, одоо эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа нэр хүнд бүхий генералтай уулзахад надад нэг зүйл хэлсэн юм. Та нар Хятадын хөгжлийг анхааралтай хар. Хөгжлийн гол түлхүүр нууц нь өндөр хөгжилтэй гадаадын орны технологийг нутагшуулах, шилжүүлэхийг төрийн бодлого болгосон явдал юм гэж ярьсан. Иймд бид гаднын дэвшилтэт технологиудыг шилжүүлэх, нутагшуулахад их анхаарах хэрэгтэй.
Бидэнд санхүү мөнгө, эрхзүйн орчин гэх мэт олон зовлон бэрхшээл бий. Судалгааны ажлын бодит үр дүн гарч чадахгүй байна. Энэ талаар бодлогын асуудлыг хөндсөн үр дүнтэй зөвлөлгөөн болох байх. Энэ зөвлөлгөөнд их ач холбогдолтой нэр өгсөн байна. Энэ нэрийг агуулгаар баяжуулсан зөвлөлгөөн болно гэж найдаж энэхүү зөвлөгөөнийг нээж байна.