Манай улс Канад Улстай 1973 оны арваннэгдүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 37 жилийн дараа анх удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Канадад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тиймээс ч Канадын тал Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Оттава хот дахь Монголын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад Канадын Парламентын хоёр танхимийн дарга нар, гол гол яамдын сайд нар, нэр хүндтэй улс төрчид хүрэлцэн ирсэн бол есдүгээр сарын 30-ны өдөр Торонто хотод болсон Канад Монголын хөрөнгө оруулагчдын форумд олон улсын зах зээлд нэр хүндтэй Хойд Америкийн томоохон пүүс компанийн төлөөлөгчид нийлсэн 70 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо. Тэдний дунд Монголд болон Америк Канадад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний компаниудын төлөөлөл ч байв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн Канад нь Монгол улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой, энэ нь зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээ, төрийн алба, боловсрол зэрэг олон салбарт хэрэгжих боломжтойг Ерөнхий сайд тэмдэглээд харин энэ үйл явц нь харилцан ашигтай байх ёстой гэлээ.
Мөн Монголд хөрөнгө оруулж байгаа Канадын хөрөнгө оруулагчдад давуу боломж олгохгүй харин тэдэнд бизнесээ найдвартай явуулах тогтвортой, хууль эрх зүйн нээлттэй, тунгалаг орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. Торонто хотноо болсон энэхүү форумд “Rео Tinto”, “Centerro Gold”, “South Gobi”, “Ivanhoe Mines” зэрэг олон улсын зах зээлд бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудаас гадна банк санхүү, худалдаа, даатгал, зөвлөгөө, үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Канадад хийж буй айлчлалд чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг хүссэн юм.
Ерөнхий сайд энэ үеэр хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар УИХ- тайгаа ажиллаж байгаа, Монгол Улсын хувьд түүхий эдээ гадагш нь зөөгөөд байх биш харин түүнд түшиглэсэн Канад стандарт загварын боловсруулах үйлдвэрүүд байгуулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагчдад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.