Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас зохион байгуулсан “Санаачилгатай глобол удирдлага” дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Даяаршлын эрин үеийн өөрчлөлт болоод боломжийн талаар судалгаа явуулдаг тус сан нь 2004 онд байгуулагджээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд, Нобелийн шагналтнууд, нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож байна.
Манай улсын Ерөнхий сайд С.Батболд “Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, улс төр, хүний эрхийн талаар уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр уул уурхайн нөөц баялгийг тогтвортой нийгмийн хөгжилд зөв зохистойгоор хөрөнгө оруулалт хийх, мал аж ахуйн зах зээлийг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг цаашид нийлүүлэх, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлэх бодлогыг хамтарсан Засгийн газраас баримталж байгаа гэдгийг илэрхийлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын оролцсон энэ арга хэмжээнд дэлхийд нэртэй эдийн засагчид тухайлбал, Принстоны их сургуулийн газрын тос, түүхий эдийн судалгааны төвийн эрдэмтэн, АНУ ын Газрын тосны институтийн доктор, Өмнөд Африкийн эдийн засагч зэрэг нэр хүндтэй төлөөллүүд оролцлоо.
Оролцогчид дэлхийн эрчим хүчний баялгийн гол нөөцийн ирээдүйн чиг хандлага, үнэт ховор эрдэнэсийн олборлолт түүний зохицуулалт, цөмийн эрчим хүчний хэрэглээний чиглэлээр хэтийн төлөвлөлт, зах зээлийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Ийнхүү “Санаачилгатай глобал” удирдлага дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараагаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С. Батболд Люксембургийн Ерөнхий сайдын орлогч ноён Жан Эссэлборнтой уулзалт хийж Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн баримталж буй бодлогын талаар танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.