Нью-Йорк хот, 2010.09.22
Ноён Дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Мянганы хөгжлийн зорилтууд /МХЗ/-ыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр юу хийж гүйцэлдүүлэв, дутуугаа гүйцээхийн тулд цаашид юу хийвэл зохистой талаар бид өнгөрсөн 3 өдрийн турш хэлэлцлээ. Бидний хэлэлцүүлгээс дараах тодорхой дүгнэлтийг хийж болохоор санагдаж байна.
Шаардагдах хөрөнгө нөөц хангалттай байж, хүлээсэн амлалт үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлбэл бид МХЗ-уудад хүрч чадна, тэгэх ч ёстой гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Бид бүгдийн санал нийлсэн энэхүү дүгнэлт нь Дээд хэмжээний уулзалтаас гаргах «Амлалтандаа хүрцгээе, МХЗ-уудын хэрэгжилтийг хамтдаа хангацгаая» хэмээх Төгсгөлийн баримт бичгийн гол агуулгатай нийцэж байгаа нь урам төрүүлж байна. Манай Засгийн газар эл баримт бичгийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.
Бидний урагшлах зам амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Дэлхий ертөнц өнөөдөр өөр хоорондоо шүтэлцсэн санхүү, эдийн засгийн, эрчим хүч, хүнсний хямрал, мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй олон сорилтыг гэтлэн туулахыг оролдож байна. Дээр дурдсан олон хямралын сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл хүрсэн хөгжлийн ололт амжилтыг ухраан, хөгжиж буй олон орны эмзэг, тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Эдгээр болон шинээр нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад хөгжлийн төлөөх дэлхийн үр ашигтай түншлэлийг бэхжүүлэх шаардлагатай байна. Ийм түншлэл нь улс үндэстний өөртөө эзэн байх, манлайлах эрхийг хүлээн зөвшөөрдөг, авсан амлалтуудаа, түүний дотор Монтеррей, Дохагийн хурал дээр авсан амлалтаа биелүүлдэг, эмзэг буурай хөгжилтэй, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, тэдгээрийн өмнө тулгарч буй сорилтуудыг анхааран авч үздэг байх ёстой.
Дээр нь, нэн ялангуяа олон төрлийн хямрал давхцсан энэ үед, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, олон талт худалдааны Дохагийн хэлэлцээг иж бүрэн, хөгжлийн чиг баримжаа бүхий үр дүнд хүргэх явцыг түргэвчлэх, бүс нутгийн интеграци, худалдааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудын гадаад өрийн дарамтыг үр дүнтэй шийдвэрлэх зэргээр Мянганы хөгжлийн 8 дахь зорилтын хүрээнд гаргаж буй хамтын хүч чармайлтыг олон улсын түвшинд эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Зөвхөн эдийн засгийн тогтвортой өсөлт дангаараа хангалтгүй гэдгийг МХЗ-уудыг хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жил харуулж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт хүн бүр, ялангуяа ядуу хүмүүст эдийн засгийн боломж бий болгоход гар бие оролцох, түүнээс ашиг хүртэх, ажлын байр бий болгоход хүргэх ёстой бөгөөд нийгмийн үр дүнтэй бодлогоор түүнийг дэмжих нь зүйтэй. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх үүднээс ийм бодлого баримтлахыг зорьж байна.
МХЗ-уудын хэрэгжилтийн тухай Үндэсний 3 дахь илтгэлийн хүрээнд манай Засгийн газар МХЗ-аар хүрсэн ахиц дэвшлийн байдалдаа нарийн дүн шинжилгээ хийж, дараагийн 5 жил болон түүнээс цааших хугацаанд хийж гүйцэтгэх эн тэргүүний зорилтуудаа тодорхойллоо. Дээрх илтгэлээс харахад манай МХЗ-уудын хэрэгжилт 66 хувийн биелэлттэй байна.
Бүрэн дунд боловсролын сургуульд суралцагсдын эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тооны харьцаа, эн тэргүүний дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, нярайн эндэгдлийн бууралт, 5-аас доош насны хүүхдийн нас баралтын тоо зэрэг үзүүлэлтээр Монгол Улс МХЗ-уудыг хэдийнэ хангаад байгааг тэмдэглэхэд таатай байна.
Энэ нь МХЗ-уудыг улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, төсөвтэй уялдуулж, МХЗ-уудын хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын дагнасан агентлагийг бий болгож, МХЗ-уудын үнэлгээний иж бүрэн мэдээллийн санг байгуулж ажилласны үр дүн мөн билээ.
Гэвч бусад зорилтын хувьд биелэлт нь “удаашралтай, эсвэл ухарсан” байдалтай байгааг тус илтгэл сэрэмжлүүлж байгаа. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй нь ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудал байна. Эдгээр сорилтыг үр дүнтэй шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээхэд манай Засгийн газраас цогц бодлогыг хэрэгжүүлж байна. Чухал заримаас нь дурдвал:
Бүтээлч хөдөлмөр эрхлэлт, ялангуяа аж үйлдвэрийн салбарт баялаг бүтээгч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байр бий болгох нь тэргүүн зорилтуудын нэг мөн. Уул уурхай, зам, барилга зэрэг аж үйлдвэрийн салбарт нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын эрэлт хэрэгцээ их байна. Аж үйлдвэрийн эдгээр салбарт ажиллах мянга мянган хөдөөгийн залуучуудыг энэ намраас эхлэн үйлдвэрлэл, мэргэжлийн сургалтад хамруулахад шаардагдах нэмэлт хөрөнгө гаргах чухал шийдвэрийг манай Засгийн газар өнгөрсөн сард гаргалаа.
Орлогыг тэгш хуваарилж, боломжийг жигд олгох, үр өгөөжтэй дэмжлэгийг шаардлагатай хүмүүст нь хүргэх зорилгоор манай Засгийн газраас эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, боловсрол эзэмших боломжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, тодорхой нөхцөлтэйгээр бэлэн мөнгө олгох замаар Засгийн газрын бодлого үйл ажиллагааг илүү үр дүнтэй байлгахад бид байнга анхаарах болно.
Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий мал аж ахуй эрхэлж буй хүн амынхаа 40 хувь болох хөдөөгийхний амьжиргааг тогтворжуулахад хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хөрөнгө оруулах шаардлагатай байна. Өнгөрсөн өвөл л гэхэд хахир хатуу өвлөөс үүдэлтэй зудын гамшиг мянга мянган малчдыг амьжиргааны эх үүсвэргүй болгов. Зудын гамшиг манай улсын эдийн засаг, экологийн эмзэг байдлыг илүү тод томруун харуулж, МХЗ-уудын хэрэгжилтэд шууд нөлөөлөөд байна.
Дээрх бодлогыг санхүүжүүлэх асуудал нь томоохон зорилт мөн. Манай Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж, ялангуяа гадаад хүчин зүйлд өртөх эмзэг байдал, далайд гарцгүй байдлын сул талуудаа нөхөх талаар тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллах болно. Гэхдээ дотоод нөөц боломжоо дайчлах нь хамгийн чухал бөгөөд эл зорилгоор уул уурхайн орлого, роялти зэргээс бүрдэх “Хүний хөгжил сан”-г үүсгэн байгуулаад байна. Энэ сангаас эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн үйлчилгээний бусад салбарт дэмжлэг үзүүлэх учиртай. Бидний саяхан баталсан “Санхүүгийн тогтвортой байдлын тухай хууль” нь уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг ил тод, хариуцлагатай ашиглах, ядууралтай тэмцэхэд зориулсан эх үүсвэр болгон дайчлах бас нэг механизм юм.
Газрын элэгдэл, ялангуяа цөлжилт, бэлчээрийн даацын хэтрэлт, ойгүйжилт, усны хомсдол, биологийн олон төрөл зүйл устаж үгүй болох, хот суурин газрын агаарын бохирдол зэрэг асуудал сэтгэл ихээр түгшээж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл Монгол Улсын газар нутагт илт мэдрэгдэж байна. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, усны хомсдол газар авч байна. Энэ нь байгалийн гамшигтай хавсарсан үедээ хүний аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Байгаль орчны доройтол, ялангуяа цөлжилттэй тэмцэх үүрэг амлалтаа биелүүлэх үүднээс бид Засгийн газрын тусгай хуралдааныг өнгөрсөн сарын сүүлээр говь цөлд зохион байгууллаа.
МХЗ-уудыг хэрэгжүүлэхэд бэрхшээл их ч, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бат бэх түншлэл чухал юм. Энэ нь орон нутгийн удирдлага, төр засгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог дотооддоо хангаж, хөгжлийн хоёр болон олон талт түншүүдийг хамруулбал зохистой. Миний бие үгийнхээ эхэнд хэлсэнчлэн, дээрх үр дүнд хүрэхийн төлөө манай Засгийн газар өөрөөсөө хамаарах бүхнийг хийхэд бэлэн байгааг эцэст нь дахин тэмдэглэе.
Анхаарал тавьсанд баярлалаа.