Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 22- ны өдөр Нью-Йорк хотноо Мянганы Сорилтын корпорацын шинэ гүйцэтгэх захирал Д.Иоханес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. АНУ манай улсын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирснийг, мөн тус улсаас хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сангийн хөтөлбөр Монголын ард түмний амьдралд шууд нөлөөлөх чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
МСК-ийн удирдлага ч төслийн үр дүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ. АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад 285 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, автозамын салбарт нийт 21,0 сая ам.долларын ажлыг хийж эхлүүлээд байгаа юм.
Ерөнхий сайд С.Батболд Мянганы сорилтын сангийн шинэ удирдлагатай уулзахдаа одоо хэрэгжүүлж байгаа төслийнхөө эрчийг нэмэгдүүлж хурдасгах, төлөвлөгдсөн зарим төслөө цаг хугацаанд нь эхлүүлэх нь чухал. Хэрэгжүүлж байгаа төслүүддээ Монголын бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ноён Д.Иоханесаас хүслээ.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Мянганы сорилтын гэрээ 2008 оны есдүгээр сард хүчин төгөлдөр болон хэрэгжсэн. Гэрээний үнийн дүнгийн 70 орчим хувийг бүрдүүлж байсан Төмөр замын төсөл хэрэгжих боломжгүй болсноос үүдэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд баталж, 2010 оноос шинэ хувилбараар амжилттай хэрэгжиж байгаа юм. Энэ төсөл нь Монгол Америкийн харилцаа, хамтын ажиллагаанд нэгэн чухал хуудас нээх болно гэж хоёр тал үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.