НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч Монгол орноо гадаад ертөнцөд суртчилж байна. Засгийн газрын тэргүүн есдүгээр сарын 20-нд “Блумберг”, “Ройтерс” агентлагт, өнөөдөр дэлхийн банк санхүү бизнесийн хандлагыг тодорхойлоход гол нөлөөтэй ”Wall street journal сэтгүүлд” ярилцлага өгөв. Ерөнхий сайд С.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн орны улс төр эдийн засгийн байдал, бизнес, хууль эрх зүйн орчин, уул уурхай, дэд бүтэц, банк санхүү,боловсролын салбарт өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжиж эхлээд байгаа томоохон төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт Монгол орны байгаль орчин, иргэдийн амьдрал ахуйд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай, Монголын Засгийн газар Өмнийн говьд хуралдсан тухай ярьж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболд Америкийн томоохон хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчидтэй уулзахдаа ч дээрх мэдээллийг өгч байв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.