ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар ХБНГУ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний төвийн мэдлэгийг эргэн суурьшуулах газрын дарга Уве Кивелиц болон тус улсын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга С.Мюллер нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Уве Кивелиц Монгол улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй хилийн чанадаас өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах зорилго бүхий “ Зөгийн үүр” хөтөлбөрийг баталсанд талархал илэрхийлж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Герман улсын туршлагыг нэвтрүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлж дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Германы Засгийн газраас энэхүү санаачилгыг дэмжин санхүүгийн тусламж үзүүлж, “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэн тодорхой төсөл хэрэгжүүлэх гэж байгаад ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар талархал илэрхийллээ.
Тус улсын 30 жилийн туршлага бүхий мэдлэгийг эргэн суурьшуулах газрын арвин их туршлага уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Ч.Хүрэлбаатар дарга тэмдэглэж байв. Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болно гэдгийг эрхэм зочид уулзалтын явцад онцолж байлаа. Уулзалтад Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Эрдэнэ болон Монгол германы “ Гүүр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.