Засгийн газрын 166 дугаар тогтоолын дагуу аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ гайгүй хангасан ч өвөлжилт хүндэрч болзошгүй тул тайвширч болохгүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймгуудын Засаг дарга нарт анхаарууллаа. Тэрээр 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр аймгуудын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолоор өгсөн албан даалгаврын биелэлт болон орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг, даалгавар өгсөн байна.
Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Сауле нар Улсын Онцгой комисс, Засгийн газраас авсан зарим арга хэмжээ, мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдлын талаар Засаг дарга нарт товч мэдээлэл хийв. Байгаль, цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд малчин, баг, сум, аймаг бүр 30 хоногийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг болгосон.
Өнгөрсөн жилийн гамшиг, зуднаас сургамж авсан орон нутаг, малчид албан даалгаврын дагуу өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Гэхдээ аймгуудаас ирүүлсэн болон дарга нарынх нь өгч байгаа мэдээлэл зөрж байгааг нягтлахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгов. Мэдээлэл зөрдөгөөс Засгийн газраас авах арга хэмжээ оновчтой бус болохыг үгүйсгэх аргагүй. Иймээс орон нутаг бодит мэдээлэл, шаардлагадаа үндэслэн Засгийн газарт асуудлаа тавьж, танилцуулж байхыг Ерөнхий сайд санууллаа.
Нийт нутгаар цас их орж цасан бүрхүүл тогтсон ч цаашид байдал эрс хүндрэхгүй бол өвөл, хаврыг төр, засгаас тусламж, дэмжлэг аваад байхгүйгээр давж чадна гэж ихэнх аймгийн Засаг дарга амаллаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өвөлжилтийн бэлтгэл хангагдсан ч цаг яагаа ч үгүй учир хаа хаанаа бэлтгэлтэй байх, цасанд боогдсон зам, давааг тухай бүр нь шуурхай нээж байх, хот, суурин газрын дулаан, цахилгааны хангамжид анхаарахыг онцгойлон санууллаа.
Засаг дарга нараас гаргасан аймгуудад байгаа Улсын нөөцийн цэг, салбаруудад өвс, тэжээл нэмж байршуулах, түүний тээврийн зардлыг шийдэх, Дорнод, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу мал, мах, махан бүтээгдэхүүн оруулахыг хориглосон шийдвэрийг эргэж харах, төсвийн зээл авах хүсэлтийг Засгийн газрын ойрын үеийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ ч хэллээ. Сар шинийн баярын өмнө Засгийн газрын гишүүд бүх аймагт ажиллан өвөлжилтийн байдал, өвөлд хэрхэн бэлдсэнтэй газар дээр нь танилцана. Нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох юм байна.
Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга нарт хандан нэг зүйлийг онцгойлон анхааруулав. Аудитын шалгалтын дүн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллээс харахад зарим аймгийн удирдлага төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бүх нийтээр дагаж мөрдөх ёстой хууль, журмыг мөрдөхийн оронд өөрийн дүрмээр тоглоод байна гэсэн шүүмжлэл гарч байна. Ор үндэсгүй зүйл ярихгүй байх. Орон нутагт ажиллах үед ч ийм яриа дуулдаж байсан. Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдэд мэдээллээ ил тод өгч, нээлттэй, үнэнч шударга, хариуцлагатай ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга нарт хатуу санууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын мэдээлснээр 17 аймгийн 89 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй бөгөөд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн 43 суманд цас их орж нягтарч хатуурснаас малаа бэлчээрт гаргалгүй тэжээж эхлэх нөхцөл бүрджээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 2944 мал хорогдоод байгаа нь олон жилийн хэвийн хорогдлын хэмжээ юм байна. Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүний хөгжлийн сангийн хийсэн түүвэр асуулгаар малчин өрхүүд 2-3 сар хэрэглэх гурил, будааны нөөцтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.