Манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хүлээн авч уулзав. Ажлаа хүлээж авсны дараа хамгийн түрүүнд Монгол Улсад айлчилж байгаа нь БНХАУ-ын ӨМӨЗО манай улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл. Энэ айлчлал хоёр орны Их хурал болон Ардын Төлөөлөгчдийн хурал, Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.
2010 онд хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д, Ерөнхий сайд С.Батболд Баоагийн уулзалтад оролцсон, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход БНХАУ-ын ӨМӨЗО ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэж тэрээр хэлэв. 2009-2010 онд тохиолдсон байгалийн гамшиг, зудын хохирлыг гэтлэн давахад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн тусламж, дэмжлэг үзүүлсэнд Шадар сайд, Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын монголын хэсгийн дарга М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарийн харилцаа эрчимтэй хөгжиж байна.
Сүүлийн 8 жилийн турш ӨМӨЗО нь БНХАУ-ын хэмжээнд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлсэн. Цаашид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ. Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө байна гэж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ху Чуньхуа хэлэв.Талууд уул уурхай, дэд бүтэц, чөлөөт бүс, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуй, боловсрол, биеийн тамирын салбарын хамтын ажиллагаа болон хил залгаа аймгуудын шууд харилцааны талаар санал солилцлоо.