Европын Холбооны (ЕХ) Европын Комиссын 2010 оны 5-р сарын 31 өдрийн шийдвэрээр зудын гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, амьжиргааг нь дэмжих зорилгоор Монгол Улсад 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламж нь зудад нэрвэгдэсэн малчин өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, амьжиргааг нь дэмжих, эрүүл мэнд, эрүүл ахуйг нь сайжруулахад зориулагдах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЕХ-ны энэхүү шийдвэрийг тохиолдуулан ЕХ-ны БНХАУ дахь Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн М.Пулц тэргүүтэй төлөөлөгчид, ХБНГУ, БНФУ, ИБУИНВУ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Монгол Улс дахь БНБУ-ын хэргийг түр хамаарагч, Нидерландын вант Улсын ЭСЯ-ны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Ноён М.Пулц уулзалтын эхэнд зудын гамшигт нэрвэгдсэн малчдын амьжиргааг дэмжихэд зориулж ЕХ Монгол Улсад 2 сая еврогийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдээд, энэхүү тусламж нь ЕХ-ны Монгол Улсад туслах чин эрмэлзлэлийн илэрхийлэл юм гэлээ. Ерөнхий сайд С.Батболд зудын байгалийн гамшгийн хор уршгийг арилгах амаргүй үед манай нөхөрсөг түнш болох ЕХ-ны зүгээс анхааран, зудад нэрвэгдсэн хүн амд тусламж үзүүлэх болсонд талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.
Гэхдээ цаашид хоёр талын хамтын ажиллагааны үндсэн сэдвүүд болох европын стандартыг Монголд нутагшуулах үйл явц, Монгол Улсын ЕХ-той байгуулах Түншлэл, Хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатай байна гэдгийг онцоллоо. М.Пулц ЕХ Монгол Улстай хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй хоёр талын хамтын ажиллагаанд бодит дэвшил гарах болно гэж хариу мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.