УЛСЫН САЙЧУУД ТОДОРЛОО
Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодрууллаа.
Засгийн газрын гишүүд цагаан сарын өмнө тэргүүний тариаланч, хамт олон, фермерүүдэд шагналыг нь гардуулахаар хөдөө орон нутгийг зорих гэж байна. Сайд нарын энэ удаагийн томилолтын бас нэг зорилго нь өвөлжилтийн нөхцөл байдал, тухайн орон нутаг бэлтгэлээ хэрхэн хангасантай газар дээр нь танилцах бөгөөд санал, дүгнэлтээ сар шинийн баярын дараа болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.
Улсын сайн малчнаар :
· Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Бандийн Баасанхүү, Өгийнуур сумын Орхон багийн Должингийн Цогоо, Хайрхан сумын Могой багийн малчин Зэвгийн Өлзийбадрах
· Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай, Цэнгэл сумын 3 дугаар багийн Жапарын Оралхан
· Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн малчин Цозонгийн Цогбадрах, Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Бямбын Лхагвасүрэн, Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Даваадоржийн Батбаяр
· Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Равжаагийн Дашзэвэг, Орхон сумын 3 дугаар багийн малчин Чимэдбалжирын Отгонбаяр
· Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн Гончигсүрэнгийн Энхтөр, Цээл сумын Бүрэнжаргалан багийн Ванчигийн Дүгэрсүрэн
· Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн малчин Лхамын Банди
· Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Шаравын Ганцэцэг
· Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Дамбын Намсрай, Хатанбулаг сумын Агаруут багийн Шарнайн Чинбат
· Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн Цогдэлгэрийн Жаргал
· Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн Наваантаягийн Жаргалсайхан, Гурвансайхан сумын Элгэн багийн Дондовын Дашдорж, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн Доржсамбын Юндэн
· Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн Нанжийхүүгийн Цэвэгдорж, Түдэвтэй сумын Аргалант багийн Намсрайжавын Арийлгаа, Цэцэн-Уул сумын Жаргалант багийн Омборын Сүхбат
· Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн Ишдоржийн Мөнхбат
· Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн Сэрээнэндоржийн Сандагдорж, 3 дугаар багийн Батнасангийн Лхаасүрэн, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Дуламдоржийн Тогмид
· Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав
· Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Ухнаагийн Адъяа, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Чойнжоогийн Цоггэрэл
· Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Доохүүгийн Лхагвасүрэн, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Дотийн Намхай
· Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Лутын Халзанхүү, Сагил сумын Боршоо багийн Гэнэнгийн Батжаргал, Тэс сумын 1 дүгээр багийн Даваагийн Гэжээ
· Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Өлзийн Цэнд-Аюуш, Манхан сумын Тахилт багийн Хасавын Хаянхярваа, Чандмань сумын Тахилт багийн Авирын Энхтайван
· Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн Ширнэнгийн Батбаяр, Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Жанчивын Хүүжий
· Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн Насангийн Жамсранжав, Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Зундуйн Пүрэвжав нарын 43 хүн тодорлоо.
Эдгээр малчид удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан юм.
Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжид тодорхой хандив туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгох, ядуу өрхийг малжуулах, малаа даатгуулах, залуу малчдад арга туршлагаа зааж сургах, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандын эхийг хамгаалах, “Үдийн цай” хөтөлбөрт сүү, цагаан идээ нийлүүлэх зэрэгт идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлсан байна.
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн Самдангийн Итгэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Цэрэндоржийн Сэржмаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Даваахүүгийн Отгонбаатар нар “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарлаа.
Тэргүүний фермерүүд 3 жилийн хугацаанд сүүний болон хосолмол ашиг шимт цэвэр үүлдрийн хар, шар тарлан, алатау үүлдрийн үхэр үржүүлж, саалийн 305 хоногт нэг үнээнээс 3200-4500 литр сүү авсан байна. Мөн 2-9 га хадлангийн талбайг хашиж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хэрэгцээт өвс, тэжээл, даршийг 100 хувь хангаж, усан хангамжаа бүрэн шийджээ. Тэргүүний фермерүүд аж ахуйдаа жил бүр 10-35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3-5 хүнийг ажлын байртай болгосон байна.
Тэд байгаль орчинд халгүй аргаар аж ахуйгаа эрхлэн, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэн, малаа даатгалд бүрэн хамруулж мал бүрийг хувийн дугаартай болгожээ. Нэг малаас авах ашиг шимийг жил дараалан нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан цөм сүрэг болон зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо нь жил дараалан өссөн, баталгаажсан малыг үржлийн зориулалтаар худалдсан зэрэг олон шалгуураар бусдыгаа хошуучилж Улсын тэргүүний фермер цол хүртэж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Мандал”, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Модун Шанью”, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ургацын ундраа”, Түшиг сумын “Анхтамир”, Цагааннуур сумын “Баяндулаан-Уул”, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан”, “Мөнхшижир тариа”, Цээл сумын “Шим үр”, Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнх-Улз” компанийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарууллаа.
Тэргүүний тариаланч хамт олон болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн 3 жил дараалан улсын дундаж ургацаас үр тариа 4-11 цн-ээр илүү авсан бөгөөд үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.
Улсын тэргүүний тариаланчаар:
· Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Дарешханы Хабылхан
· Булган аймгийн Булган сумын Гомбын Дорж
· Говь-Алтай аймгийн Чандмань сумын Дамбажавын Батсүх
· Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сүрэн-Ухнын Батцоож
· Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноосонгийн Алтансүх, Хонгор сумын механикжуулагч Рэнцэнхандын Баярсайхан
· Дорнод аймгийн Хэрлэн сумын Жаавайн Сүхбаатар
· Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын механикжуулагч Сахилтын Баатар, Шаамар сумын Цэрэвийн Даваасамбуу
· Төв аймгийн Борнуур сумын Баатарын Агваансодном, Сүмбэр сумын механикжуулагч Бямбын Шонхоон, Цээл сумын механикжуулагч Батжавын Дамдинсүрэн
· Увс аймгийн Улаангом сумын Санжийн Нохойжав
· Ховд аймгийн Ховд сумын Буралбайн Кадирхан
· Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мижиддоржийн Гантөмөр нар шалгарлаа.
“Тэргүүний тариаланч”-ийн болзол хангасан иргэд нөөц боломжоо ашиглан хөрсний үржил шим, чийг хамгаалах зорилгоор талбайгаа био болон органик бордоогоор бордох, суваг шуудуу татах, усалгааны хэмнэлтэт технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлыг санаачлан хийсэн байна. Ингэснээр улсын дундаж ургацаас төмс 80-100 цн, хүнсний ногоо 60-250 цн илүү хураан авчээ.
Мөн сум, орон нутгийн залуучууд, ядуу өрхүүдэд арга, туршлагаа зааж сургахын зэрэгцээ 10 хүртэлх хүнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА
Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллага /зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх/-д ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүний аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд нэг удаа тэтгэмж олгох юм.
Засгийн газраас цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Дэмжлэгийн мөнгөн дүн нь төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээний 30 хувиас багагүй байхаар журамд тусгасан байна.
Цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Мөн иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдуулан цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх юм.
БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
Төсөл батлагдвал нэмэлт зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ. Ингэснээр тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийслэлд саадгүй авчирч хүн амын хэрэгцээнд нийлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.
“Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөл нь сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах зорилготой.
Төслийн өмнө авсан 4,5 сая еврогийн зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км авто замыг шинэчлэнэ. Нийт 7 сая еврогийн санхүүжилт бүхий зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилийн 0,75 хувь юм.
ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
Төслийн хүрээнд уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн томоохон төслүүдийн техникийн үнэлгээ, санхүү эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ, хууль эрх зүйн орчны үнэлгээг багтаасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, хэлцлийн удирдлагын чадавхийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Чадавхийг бэхжүүлэх, мэдлэг шилжүүлэх, Гүний усны удирдлага, Төслийн удирдлага гэсэн 4 хэсэгтэй. Төслийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм байна.
ҮНЭТ ЦААС ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ
2010 оны 4 дүгээр саын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. 2010 оны төсвийн жилд 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж төсвийн алдагдал болон улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байсан. Гэвч 2010 оны эхний 11 сарын төсвийн гүйцэтгэл, 12 дугаар сарын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад энэ онд үнэт цаас гаргах шаардлагагүй болжээ.
2009 онд Монголбанкинд арилжаалсан 230 тэрбум төгрөгийн 4 төрлийн үнэт цаас нь 365 хоногийн хугацаатай, хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байв. Үнэт цааснуудын эргэн төлөлтийг хугацаанаас өмнө, хүүгийн хамт эргүүлэн төлж байгаа бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 33 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Үлдэгдлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх юм.
“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1921 онд Монгол Улсад анх улс төрийн нам байгуулагдан тэмцэл хийн Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон юм.
2011 оны 3-р сард “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийг хэрэгжүүлэхийн тулд манай улс Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам. долларын буцалтгүй тусламж авахаар төлөвлөөд байна.
Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.
АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО
Засгийн газрын хуралдаанаар Рэнцэнгийн Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Шагдарсүрэнгийн Энхбатыг Эрүүл мэндийн газрын, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын, Цэвэлсодномын Ганхүүг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын, Баагаагийн Баттөмөрийг Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд тус тус томиллоо.
“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригттанилцууллаа. Тэрбээр ордын нөөц, техник-эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоо, Монголын тал хувь нийлүүлэгч болсон талаар болон Монголын талын бусад оролцоо, үйл ажиллагаа, барилга, бүтээн байгуулалтын ажлын явц, ажиллах хүчин болон сургалтын төлөвлөгөө, төслийн ханган нийлүүлэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.
Танилцуулгаас харахад Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талын зүгээс авч xэрэгжүүлж байгаа юм байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу“Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн нэрийг 2009 оны 11 дүгээр сард “Оюутолгой” ХХК болгон албан ёсоор өөрчилжээ. Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдхангагдсантай холбогдууланОюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.
“Оюутолгой” ХХК ньордыг ашиглахТЭЗҮ-ийн дагуу “Оюутолгой” төслийн олборлолтын үйл ажиллагааг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч барилгын ажлын төлөвлөгөө, хийгдэх хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар олборлолтыг 2012 онд эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд “Оюутолгой” төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. “Оюутолгой” төслөөс Монголын талын олох 29.1 тэрбум ам.долларын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюутолгой” төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байгаа тооцоо гарсан байна.
Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх ашгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлж үзвэл, Монголын тал “Оюутолгой” төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол Хөрөнгө оруулагч 41.0 орчим хувийг хүртэхээр байна.
Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол “Оюутолгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн эерэг гарах тооцоог мэргэжлийн яам хийжээ.
Монгол Улсын Засгийн газар болон“Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч болох нөхцөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д бүрдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон Хувь нийлүүлэгчдийн хурал тус тус 2 удаа хуралджээ.
Удаа дараа хэлэлцэж ярилцсаны дүнд “Оюутолгой” ХХК-ийн Хянан шалгах зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Хувь нийлүүлэгчдийн өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд болсон хоёрдугаар хурлаар компанийн 2010 оны санхүүжилтэд зориулж давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж батлах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан байна.
“Оюутолгой” төслийн барилгын ажлын одоогийн үе шат болон үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай ажиллах хүч, төсөлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн санхүүжилт зэрэг асуудалд Монголын талын ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс МГЛ” ХХК анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн, “Оюутолгой” төслийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээр ахлуулан НХХЯ-наас байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, НХХЯ-ны удирдах албан тушаалтнууд орж ажиллан төслийн ажиллах хүчний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.
“Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн мэдээллийн дагуу “Оюутолгой” төслийн хүрээнд нийт 3 жилийн хугацаанд хийгдэх барилга, угсралтын ажил 2010 оны 09 дүгээр сарын байдлаар төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж байна.
Тус компаниас ирүүлсэн мэдээллийн дагуу төслийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж буй томоохон ажлын талаар товч танилцуулахад, өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 1,2 тэрбум долларын төсөвт өртөгтэй баяжуулах үйлдвэрийн суурь, баяжмал тээвэрлэх шугамын ажил хуваарийн дагуу явагдаж, 2010 оны 09 дүгээр сарын байдлаар 25,000 метр.куб бетон цутгалтын ажил хийгдсэн байна. Далд уурхайн малталтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4 км орчим хонгил гаргах газар шорооны ажлыг 1300 метрийн гүнд гүйцэтгэсэн байна.
Үйлдвэрлэлийн зориулалттай 2 дугаар босоо амны 90 метр өндөр цамхагийн барилгын ажил үргэлжилж байна. Үйлчилгээний зориулалттай 1 дүгээр босоо амны хөндлөн малталт нэвтрэлтийн ажил төлөвлөсний дагуу явагдаж байна. Цагт 200 куб метр зуурмаг бэлтгэх хүчин чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, нийт 32,000 метр.куб бетон зуурмаг үйлдвэрлээд байна.
Түүнчлэн, барилгын эхний үе шатанд шаардлагатай 24 Мегаваттын дизель цахилгаан станц болон 35 кВ-ын түгээх сүлжээ баригдаж дуусах шатандаа ороод байна. Орон нутгийн нисэх онгоцны буудал баригдаж 2010 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. 4,0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий дээрх ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байна.
220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд барилгын ажлын төсөвт өртөг нь 68,0 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Түүнчлэн, 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих боломжийг судлах судалгааны ажил хийгдэж байна.
ЭБЭХ-ний сайд “Оюутолгой” төсөлд ажиллах хүч болон сургалтын төлөвлөгөөний талаар ч мөн танилцууллаа. 2010 оны 10 дугаар сарын байдлаар “Оюутолгой” төсөлд нийт 5700 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 63% буюу 3600 гаруй нь Монголчууд байна. “Оюутолгой” ХХК нь төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөөг БСШУЯ-тай хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрт жилд 850-1000 хүн хамрагдаж, төлөвлөгөөний дагуу ирэх 5 жилийн хугацаанд ойролцоогоор 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжэ.
Түүнчлэн БСШУЯ, НХХЯ-тай хамтран 36 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус компаниас санхүүжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх бөгөөд эдгээр нь “Оюутолгой” төсөл болон бусад уул уурхай, зам, төмөр зам, барилгын төслүүдэд ажиллах боломжтой болох юм.
2010 он гарснаас хойш “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдтэй нийт 887,0 сая ам.долларын өртөг бүхий төслийн гэрээг байгуулсан байна. Түүнчлэн, цаашид монголын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг батлан гаргажээ.
“Оюутолгой” төсөлд үйлчилгээ үзүүлж, бараа нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2400 аж ахуйн нэгж байдаг бөгөөд томоохон ажил, үйлчилгээ нийлүүлэгч байгуулагуудаас дурдвал, Хасу, Барилга корпораци, Хэт, Моннис, Монроуд, MCS, Петровис, Аэро Монголиа зэрэг компаниуд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Төслийн ханган нийлүүлэлтийг Бээжин дэх Ханган нийлүүлэлтийн хэсгээс гүйцэтгэдэг байсныг Ажлын байнгын хорооны болон ТУЗ-ийн Монголын талын гишүүдийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна
“Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1 сая ам.доллараас дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулахаар 20 аж ахуйн нэгж шалгараад байгаа ажээ. Ирэх оны хүрээнд төслийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлж болох нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг “Оюутолгой” ХХК-иас гаргажээ.
Үүнд:
Дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх төслүүд
№ |
Төслийн нэр |
(Ам.доллар) |
1 |
ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл цахилгаан шугам тавих |
35 сая |
2 |
ОТ – Гашуунсухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих |
90 сая |
3 |
Онгоц хөөрч буух байнгын талбай ба нисэх онгоцны буудал барих |
30 сая |
4 |
Монголын хилийн боомтыг засаж сайжруулах |
19 сая |
5 |
Дэд бүтцийн төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх |
6 сая |
6 |
Уурхайн талбайгаас гадна орших кемпүүдийн хоол хүнсний хангамж |
20 сая |
7 |
Дээж хадгалах байгууламж барих |
0.3 сая |
8 |
Уурхайн угаалга цэвэрлэгээний байгууламж барих |
14 сая |
9 |
Хаягдлын далан босгох газар шорооны ажил |
20 сая |
10 |
Агуулах барих |
4.5 сая |
11 |
Гашуунсухайтад 581 м2 лаборатори барих |
Зарлана |
12 |
Баян-Овоод 625 м2 спортын танхим барих |
Зарлана |
13 |
Даланзадгад хотын 1100 м2 талбайд сэргээн сайжруулалт хийх |
Зарлана |
14 |
Ханбогдод 1325 м2 Захиргааны байр барих |
Зарлана |
15 |
Ханбогдод орон сууцны байр барих |
Зарлана |
16 |
Даланзадгадад хангамжийн болон бизнес хөгжлийн төв барих |
Зарлана |
17 |
Гашуунсухайт-Оюутолгой хооронд нарийн зам тавих |
Зарлана |
18 |
Даланзадгадад их сургууль барих |
Зарлана |
19 |
Ханбогдод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барих |
Зарлана |
20 |
Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төвийг сайжруулах |
Зарлана |
21 |
Улаанбаатар хотод 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын шинэ төв барих |
Зарлана |
22 |
Чойрт 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих |
Зарлана |
23 |
Дарханд 1200 м2 талбайтай Мэргэжлийн сургалтын төв барих |
Зарлана |
24 |
Оюутолгойн 1-р шатны сургалтын байгууламж |
Зарлана |
25 |
Оюутолгойн 2-р шатны сургалтын байгууламж |
Зарлана |
Нийт |
238.8 сая |
Дээр дурдагдсан ажил үйлчилгээнээсдараахь төслүүдийг бүсийн хөгжилд чиглэн хэрэгжүүлэхээр “Оюутолгой” ХХК-иас төлөвлөж буй бөгөөд эдгээр ажил үйлчилгээний төсөвт өртөг нь 8.8 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Үүнд:
Бүсийн хөгжилд чиглэсэн төслүүд
№ |
Төслийн нэр |
(Ам.доллар) |
1 |
Гашуунсухайтын боомтыг хөгжүүлэх төсөл |
1.8 сая |
2 |
Гашуунсухайтын боомтын түр лаборатори |
- |
3 |
Баян-Овоо сумын спорт цогцолбор |
450 мян. |
4 |
Даланзадгадын сургалтын төвийн засвар, өргөтгөл |
1.25 сая |
5 |
Оюутолгойн Ханбогд дахь Оффисын барилга |
650 мян. |
6 |
Ханбогдын сургалтын төв |
1.7 сая |
7 |
Даланзадгадын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх төв |
450 мян. |
8 |
Чойрын сургалтын төвийг хөгжүүлэх төсөл |
1 сая |
9 |
Дарханы сургалтын төвийг хөгжүүлэх төсөл |
1.5 сая |
10 |
Ханбогдын цэцэрлэгт хүрээлэн |
- |
Нийт |
8.8 сая |
Мөн Гашуунсухайтын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, олон боомтыг байнгын ажиллагаатай, олон улсын чанартай боомт болгох үүднээс “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 1.6 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2011 онд мөн нийт 18 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр тус компанийн зүгээс төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.
ТОВЧХОН
· Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.
· Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн дагуу Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.