Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийг урьж, Тавантолгойг тойрсон таван асуудал сэдвээр уулзалт зохион байгууллаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас Тэргүүн шадар сайдаар ахлуулан байгуулсан билээ. Тус ажлын хэсэгт ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар нар ажиллаж байгаа юм.
Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг ( консерциум ) нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үүргийг тус ажлын хэсэг хүлээж буй ажээ. Уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Энэбиш, төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар хүрэлцэн ирж, Тавантолгойг тойрсон бүх л асуудалд хариулт өглөө.
“Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцааны 10 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөж, Монгол улсын иргэн бүрт 550 орчим ширхэг хувьцаа олгохоор тооцоог гаргажээ. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг компанид дунджаар 30 мянга орчим хувьцаа оногдох баримжааг гаргаж, тэд Засгийн газраас нэрлэсэн үнээр худалдаж авах юм байна. Одоогийн байдлаар манай улсад 43 мянган аж ахуйн нэгж байдаг гэх урьдчилсан тооцоог гаргажээ.
“ Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмших аж ахуйн нэгжийн 25-аас дээш хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай байвал хувьцаа эзэмших эрхгүй гэдгийг албаны хүмүүс тодотголоо. Харин хууль ёсны дагуу 2010 оны 6 дугаар сарын 30-аас өмнө байгуулагдсан компани нь татвар зэрэг элдэв зөрчилгүй бол хувьцаа эзэмших эрхтэй бөгөөд цаашид хувьцаагаа бусдад борлуулах бүрэн эрх нь нээгдэж байгаа ажээ.Энэ сарын 24-нд олон улсын консерциумын тендер,27-нд гүйцэтгэх компанийн тендерийг хэрхэн шалгаруулах талаар хуралдааныг хийхээр зарласан байна.
2011 он бол Тавантолгой ордыг ашиглах үйл ажиллагааны гол жил бөгөөд тус ордоос 2-3 сая тонн нүүрс олборлож, экспортлох, төслийн санхүүжилтийг босгох, Эрдэнэс-Таван толгой компанийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын банк, зөвлөхүүдтэй хамтран ажиллах, усны хангамж, угаах (баяжуулах)үйлдвэр байгуулах, уурхайчдын орчин үеийн хотхон барих, цахилгаан станц, авто замын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна гэдгийг уулзалтад оролцсон албаны хүмүүс мэдэгдлээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.