Энэ жилийн баяр наадмыг угтан 24 төрлийн ажил хийхээр боллоо. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороо 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдан ийм шийд гаргасан байна. Мөн хуралдаанаар салбар хороодын бүрэлдэхүүнийг батлан баяр наадмын арга хэмжээнүүдийг зохих журмын дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэн явуулахыг даалгав.
Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор, Урлаг, соёлын салбар хороог БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжаваар, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга М.Оюунчимэгээр, Хэв журмын салбар хороог ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очироор ахлуулан тус тус байгуулав.
Харин үндэсний бөх, хурдан морь, сур, шагайн салбар хорооны бүрэлдэхүүнийг тухайн спортын холбоо болон төрийн бус байгууллагын саналыг авч тохиролцсоны үндсэн дээр байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Салбар хороодоос ирүүлсэн төсвийн төслийг хурлаар хэлэлцэн, нэгтгэж Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулах болсон байна. Энэ жилийн наадам 2010 онд болох Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын бэлтгэл учир салбар хороод хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хийж дуусгахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.