Монгол улсад газрын кадастр болон эрхийн бүртгэл нь хоёр өөр байгууллагын чиг үүрэгт хамаардаг. Нэгдсэн мэдээ мэдээлэлгүй, хоорондоо уялдаа холбоо байхгүй байгаа нь цаашид бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход хүндрэл учруулж байна гэж Мянганы Сорилын Сангийнхан өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзах үеэр онцоллоо. Уулзалтад МСС-гийн “Газар өмчлөл, эрхийн бүртгэлийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох” зөвлөх багийн Олон улсын стратегийн зөвлөх Стиг Энэмарк, хуулийн зөвлөх К.Катрина болон Хөрөнгийн эрхийн төслийн зөвлөх багийн гишүүд байлаа.
Өмчлөх эрхийн баталгааг хангах, газрын зах зээлийг хөгжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг үндсэн нөхцөл нь үр ашигтай, найдвартай кадастрын болон бүртгэлийн тогтолцоо байдаг. Тиймээс олон улсын жишигээр кадастр буюу орон зайн бүртгэл болон улсын эрхийн бүртгэлийг нэгтгэсэн “Үндэсний газрын мэдээллийн систем”-ийг байгуулах шаардлагатай байгааг тус төслийн багийнхан танилцуулсан юм. Иймээс ҮГМС, түүний бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж гаргах.
Нэн ялангуяа тус мэдээллийн санг УБЕГ-ын эрхийн бүртгэлийн мэдээллийн сантай холбох тодорхой хуулийн заалт шаардлагатай бөгөөд мэдээллийн санг бүрдүүлэхэд ГХБГЗЗГ болон УБЕГ-ын уялдаа холбоотой хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг талууд ярилцлаа. Тус уулзалтаар Тэргүүн шадар сайд Улсын бүртгэлтэй холбоотой уг асуудлыг авч үзээд ойрын хугацаанд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.