Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.27 /
Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.

Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжлийн хурдыг түргэтгэх гол хөшүүрэг. Иймээс Засгийн газар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл болон холбогдох хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Улсын Их Хурлын чуулганаар ойрын үед хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах нь монголын ард түмний хүсэн хүлээж байгаа чухал асуудлын нэг. Засгийн газраас өргөн барьж байгаа эдгээр баримт бичгийг ойрын үед хэлэлцэнэ. Та бүхэн ч гэсэн УИХ-ын чуулганы хуралдаанд асуудлаа сайн ойлгуулаарай гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэв.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу Ерөнхий сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 2010 оны 3, 4 дүгээр сард хэд хэдэн удаа  хэлэлцээд Ерөнхий сайдын 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаар захирамжаар  хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж холбогдох гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Ажлын хэсэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Нүүрс олборлолтын гэрээний төсөл, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн төсөл болон бусад холбогдох материалыг  боловсруулсан юм.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдсон баримт бичгийн төслүүдийг Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулахаар хүргүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр өөрийнхөө мэдэлд  буюу төрийн өмчит компанийн эзэмшилд хадгалах тухай Засгийн газрын саналыг дэмжсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байна.

Тавантолгой ордыг ашиглахдаа нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг нь харгалзан  үзэн тодорхой хэсгүүдэд хуваах, ордын аль нэг хэсэг талбайг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, дамжин өнгөрөх тээвэр, үнэ тарифийн  асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр хийх, тодорхой улс орнуудад угтуулан тавих нөхцөлийг боловсруулах, орд ашиглах, үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт баримтлах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төслийн үйл ажиллагаанд оролцуулах, Монголчуудыг ажлын байраар хангах, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх, нийлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмжид тусгажээ. Ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид дурдсан асуудлыг холбогдох баримт бичгүүд, түүний дотор Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүний үзэл баримтлалд тусгаж өөрчлөн боловсруулсан байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга

Хөрөнгө оруулалтын гэрээ нь 19 бүлэг, 144 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Төсөлд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлыг тусгасан байна.

Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн  өмчит “Эрдэнэс МГЛ” компани гаргана. Нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон ордын тодорхой хэсэг талбайд түүнтэй нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар тусгажээ. 

Нүүрс олборлолтын гэрээний төслийн танилцуулга

Нүүрс олборлолтын гэрээний төсөл нь 21 зүйл, 1 хавсралттай бөгөөд төсөлд талуудын эрх, үүрэг, төлөөлөл ба хяналт, техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн үйл ажиллагаа, үнэ тооцох аргачлал, бүтээгдэхүүн хуваалт, урьдчилгаа төлбөр болон урамшуулал, тайлантай холбоотой гол асуудлыг тусгасан байна. Төслийг боловсруулахдаа Австрали Улсын нүүрсний олборлолтын зарим загвар гэрээ, Индонези Улсын нүүрс олборлолтын гэрээ, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний туршлага зэргийг харгалзан үзжээ.

Сонгон шалгаруулалтын баримт  бичгийн төслийн талаар

Одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Пауэр”, БНСУ-ын төрийн өмчийн “Корес” компаний төлөөлж байгаа БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консорциум, ОХУ-ын 2 компанийн консорциум, АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консорциум, Японы Мицуи энд Ко компани, түүнчлэн Японы “Иточу” корпорациар ахлуулсан “Сожиц”, Марубени”, Сумитомо” 4 компанийн консорциум, Щвейцарь-Австралийн “Экстрата” компани, түүнчлэн ОХУ-ын “Оросын төмөр зам нийгэмлэг”, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” группын төлөөлөгчид орд ашиглах саналаа ажлын хэсэгт танилцуулаад байна.

Хоёр удаагийн яриа хэлэлцээний үеэр оролцогчдоос ордыг ашиглах үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын талаар санал авсан боловч дараагийн шатанд нээлттэй хэлбэрээр уралдаант шалгаруулалт /сонгон шалгаруулалт/ зохион байгуулж урьдчилсан шалгаруулалт хийн хураангуй жагсаалт гаргах, энэ үндсэн дээр эцсийн шатны сонголтыг шууд хэлэлцээний аргаар явуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. 

Сонгон шалгаруулалтын баримт бичиг нь :
1.    Сонгон шалгаруулалтын урилга
2.    Сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа
3.    Чадварын үзүүлэлтийн хүснэгт
4.    Техникийн саналын хүснэгт
5.    Төслийн үе шат, төлөвлөлтийн хүснэгт 
6.    Таван толгой төсөлд оролцох дэлгэрэнгүй саналаас бүрдэж байна.

Сонирхогч этгээдүүдийн ирүүлсэн материалд ажлын хэсгээс үнэлгээ өгч, хамгийн сайн үнэлгээ авсан 5-7 компани/консорциумыг эцсийн шатны яриа хэлэлцээнд урих юм. Урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнг Засгийн газарт танилцуулж, эцсийн шатны хэлэлцээний тодорхой чиглэлийг батлуулахар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Улаанбаатар хот ямар стандартаар хөгжих вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВТЭЙ БОЛНО
Хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ
Засгийн газар түүх, соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийлээ
С.БАТБОЛД: ШИЛЖИЛТИЙН 20 ЖИЛИЙГ БУУХИАГ ХӨГЖЛИЙН 20 ЖИЛИЙН БУУХИА БОЛГОН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА
Авлигаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулах сургалт болж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан