Монголын нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдарч буй Улаанбаатар хот ямар стандарттай, ямар жишиг хот байх вэ гэдгээ шийдэж энэ дагуу хөгжих учиртай. Ингэхдээ хотын менежтент, төлөвлөлт, барилга байгууламж, замын хөдөлгөөн зэрэг бүх талын зохистой харьцааг цаасан дээр зөвөөр буулгаад хариуцах эзэнтэй байж, үр дүн нь бодит амьдралд хэрэгжих тийм л төслүүд хэрэгжүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Их тэнгэр цогцолборт болж буй “Улаанбаатар хот-түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож үг хэлэхдээ онцлолоо.
“Сайнаар харвал манай хотод хөгжих бүх боломж байна, сул тал нь гэвэл тулгамдсан асуудал маш их байна. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдсэн, төлөвлөгөөтэй зөв хөгжих хөгжлийн бодлого шаардлагатай. Үүнд хариулт олох арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байна” гэлээ. Улаанбаатарт ажилгүйдэл, замбараагүй газар олголт зэрэг асуудал олон бий. Нийслэлийн санхүүгийн бие даасан байдлыг хангах “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцээд дэмжиж УИХ-д оруулсан байгаа.
Төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсөв санхүүгийн болоод эрх мэдлийг зохистой хэмжээнд олгох зэрэг асуудал энэ хуулиар шийдэгдэх учиртай.
Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Зөвхөн утаа, замын түгжээ, хог хаягдал гэлгүй нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлье гэсэн бодлого барьж байна. Энэ уулзалтаар нийслэл ямар бодлогоор хөгжих вэ гэдгээ төр засгийн удирдлагууд, гадаад, дотоодын түншүүдтэйгээ ярилцаж байгаа нь шинэлэг арга хэмжээ, сайн ажлын эхлэл болж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр хотын удирдлагууд, уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдөд хандаж “Бид дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын сайн жишгийг хуулъя. Гэхдээ хойноос нь хөөж явах биш, угтуулаад, орчин үеийн дизайн, архитектур, хот төлөвлөлтийн шинэ загварыг нь авъя. Энэ арга хэмжээ ажил хэрэгч болж, олон сайхан санаачилга гарна гэдэгт итгэж байна” гэлээ.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50,6, улсын төсвийн орлогын 1/3 хувийг бүрдүүлж, аж үйлдвэрлэлийн 60 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигт тулгуурласан, хэрэгжүүлбэл зохих тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүд рүү чиглүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн ажиллаж амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт” Их тэнгэрт цогцолборт болж байна. Уулзалтад Улаанбаатар хотын гадаад, дотоодын түнш 150 гаруй байгууллагын төлөөлөл, манай оронд суугаа гадаадын Элчин сайдууд оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.