Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010.04.30-нд “Сүхбаатар аймаг-хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөө чуулган”-д оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын өнцөг булан бүрээс болон наран ургах их талын Сүхбаатар нутгаас хүрэлцэн ирж цугларан улс орон, аймаг, бүс нутгаа хөгжүүлэх зорилгын төлөө ухаан бодлоо уралдуулан зөвшилцөж буй Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу зөвлөлгөөнөөс гарах шийдвэр, хүрэх үр дүнгийн төлөө нэн хариуцлагатай хандахыг хүсье.
Монгол Улсын Засгийн газар улс орон, бүс нутгаа хөгжүүлэх цогцолбор зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа энэ үед та бүхэн хуран чуулж буй нь сайн хэрэг юм. Та бүхэн орон нутагтаа төмөр зам тавих, авто зам барих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар ажлын байр бий болгох зорилтын талаар хэлэлцэж байгаа нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой алхам болж байна хэмээн үзэж байна.
Мөн түүх намтраар арвин үзэсгэлэнт Сүхбаатар нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг анхааран судлан үзэж, боломж, бааз суурь, туршлага дадлагадаа түшиглэн үр ашиг, ач холбогдлыг нь харгалзан шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг томоохон хөшүүрэг байх болно. Зүүн бүсийн хилээр хөрш орнуудтай Консулын харилцаа хөгжүүлэх бодлого баримтлан холбогдох яаманд үүрэг чиглэл өгөгдсөн.
Тиймээс энэ үүргийг ажил хэрэг болгох талаар ГХЯ, холбогдох албан тушаалтнууд шуурхай арга хэмжээ авч ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн энэ чиглэлд авто зам барих хөтөлбөр, төсөл боловсруулж байгаа бөгөөд анхааран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар ч, Ерөнхий сайд миний хувьд ч дэмжлэг үзүүлэх болно. Танай энэ чуулган бусад аймаг, бүс нутгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлоход жишиг болохуйц арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй хэмээн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.