Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, ажилтнууд та бүхэндээ болон уншигч, сонсогч, үзэгчиддээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынханы төдийгүй чөлөөт хэвлэлийн үр шимийг хүртэгч уншигч, сонсогч, үзэгчдийн баяр билээ.
Манай улс 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбар хараат бус, бие даасан байдлаар хөгжих үндэс суурь бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд чөлөөт хэвлэлийн салбар өргөжиж, дөрөв дэхь засаглаллын үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Гэсэн хэдий ч манай улсын хэвлэлийн эрх чөлөө дэлхийн хэмжүүр, шалгуураар “хагас эрх чөлөөт” ангилалд багтсаар байна. Ардчилал эрх чөлөөний гол хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг “бүтэн эрх чөлөөт” болгох ёстой.
Тиймээс ч миний бие “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Мөн “Мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүд хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Энэ мэтээр ард түмний дуу хоолой болсон дөрөвдэхь засаглалаа хөгжүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлхэд төр засгийн зүгээс анхааран ажиллаж байна. Улс үндэстнийхээ нийтлэг ашиг сонирхолыг хамгаалж, хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг, иргэнлэг сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн идэвх санаачлага, бүтээлч ажиллагаа чухал үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах, ард түмнийхээ санал бодлыг төр засагтаа хүргэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан ихээхэн хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна. Сэтгүүлчид та бүхэн маань ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдал, улс орынхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах ёстойгоо ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд