Шувууны гоц халдварт ньюкаслийн өвчин гарсантай холбогдуулан наймдугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдлаа.
Энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хэсгийн задгайд тахианы аж ахуй эрхэлдэг “Нионшель” ХХК-ийн шувууны аж ахуйд гоц халдварт өвчин болох
“шувууны ньюкаслийн өвчин” гарсан байна. 10-аад хоногийн өмнө тус аж ахуйгаас ирсэн дуудлагын дагуу мэргэжилтэнүүд ажиллан, шинжилгээ хийснээр энэ өвчин болох нь тогтоогджээ. Энэ өвчин нь шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал гоц халварт өвчин юм байна. Тус өвчин нь монголд анх удаа илэрч байгаа нь энэ бөгөөд Япон, Израйль, Перу, Герман улсад тус тус оношлогдсон өвчин ажээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар тус өвчнийг тэжээлээс үүдэлтэй хэмээн урьдчилсан байдлаар оношилж байгаа юм байна.
Хамгийн аюултай нь энэ өвчин хүнд агаар дуслын замаар, өндгөөр дамжин хүнд халдварлах магадлал их өндөр байдаг юм байна. Хүний нүдний салсан бүрхүүлд улайх, үрэвсэх байдлаар нөлөөлдөг аж. Хоруу чанар нь маш өндөр хэмээн мэргэжилтэнүүд мэдээллээ. Өндгөн дээр нь туршиж үзэхэд 24 цагийн дотор үхүүлэх чадвартай нь тогтоогдсон байна. Улаанбаатар хот нийт 270 гаруй мянган шувуутайгаас 240 мянга орчим нь Хан-Уул дүүрэгт байдаг юм байна. “ Нионшель” ХХК нь 4847 шувуутай бөгөөд 300 метрийн зайд УКА тахианы аж ахуй байрладаг бол “Түмэн шувуут”, “ Бөхөг” ХХК-ууд тэднийхээс 2.5 км-ын зайтай оршдог ажээ.
Энэ өвчин илэрсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар хязгаарлалт хорио цээрийн дэглэм тогтоон, хээрийн штаб байгуулан, байнгын болон хөдөлгөөнт эргүүл тогтоон, өвчний тандалт хийх зэрэг ажлуудыг хийжээ. Наймдугаар сарын 29- ны өдөр тус компанийн 1600 өндөгийг хураан авч, устгал хийхэд бэлэн болж, байр саванд нь халдваргүйжүүлэлт хийгээд байгааг мал эмнэлэг, үржлийн газрын дарга дурдлаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтэй тахианы бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, голомтыг шатаан устгах хэрэгтэй гэнэ. Улаанбаатар хотод байгаа иргэдэд энэ өвчний талаарх мэдээллийг бодитой хүргэх, халдвар аваагүй аж ахуйнуудын бүтээгдэхүүний чанарын баталгааг мэргэжлийн байгууллагаас нь аваад олон түмэнд зөв зүйтэйгээр мэдээлэхийг Улсын онцгой комиссын дарга М.Энхболд анхаарууллаа.
Хэрэв хүнд энэ өвчин илэрвэл эмнэлэгийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар зааварчилгаа гаргаж ажиллах, шувууны аж ахуй эрхэлдэг аж ахуйнуудад хамтарсан шалгалт хийж, тэдэнд тархсан үгүйг ойрын хугацаанд тодруулахыг мөн үүрэг болголоо. Харин “ Нионшель” компанийн шувуудыг нэн яаралтай устгах, энэ өвчин гарсан тухай мэдээллээ олон улсын байгууллагад мэдэгдэж заавар зөвлөгөө авахыг мөн үүрэг болгов. Гарах зардлын асуудлыг лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Мөн өдрийн хуралдаанаар малын шүлхий өвчин болоод шувууны томуу өвчний талаарх цагийн мэдээллийг сонслоо. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн малчин Сүхбаатарын суурьт 30-аад хонь ямаанд малын гоц халдварт өвчин болох шүлхий гарсан байна. Одоогийн байдлаар голомтод нийт 16 айл өрхийн 12560 мал байгаа бөгөөд үүний 734 малд өвчний сэжиг байгаа аж. Харин Архангай аймгийн Тариат сумын нутаг дах тэрхийн цагаан нууранд наймдугаар сарын 29-ны байдлаар 62 шувуу үхсэн байна. Тэр орчмын айл өрх болон жуулчны баазуудад шувууны томуу өвчний талаар болон нуур орчимд шувуу үхэж байгаа талаар мэдээлэл өгч, сурталчилгаа хийн нуурын уснаас уухгүй байх талаар зөвлөгөө өгснийг хуралдаан дээр мэдээлж байв.
Аймгийн удирдлага энэ өвчнийг дахин цааш тархаахгүй байх талаар анхааралтай ажиллах, зардлын тооцоогоо нарийвчлан гаргаж,вакцинжуулах ажлыг ХХААХҮЯ Засгийн газарт танилцуулах , тэр суманд хийсэн вакцинжуулалт тэр зурвасыг яагаад давсан, хэний буруутай үйл ажиллагаанаас болж шүлхий дахин гараад байна вэ гэдгийг нарийвчлан судалж тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох албан тушаалтануудад Улсын онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо.