Говийн аймгуудад томилолтоор ажиллаж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа элсэн цөлд зохион байгуулаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын шинэ долоо хоногийн ажил Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяатай уулзсанаар эхэллээ.
Манай улсад айлчилж буй ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд Австрали, Хятад, Солонгос, Сингапур, БНСВУ зэрэг Ази Номхон далайн таван оронд албан ёсны айлчлал хийжээ. Япон улс Ази Номхон далайн 31 улсад өөрийн Элчин сайдын яамтай бөгөөд гадаад айлчлалын зургаа дахь орноороо Монгол Улсыг сонгосон нь Японы Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаагаа ихээхэн чухалчилж буйн илрэл гэж Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам мэдэгдэж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол Японы харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөвт сэтгэл ханамжтай байдгаа хэлээд манай улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үеэс Япон улс бүх талаар дэмжиж тусалж ирсэнд талархаж явдгаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн хөгжлийн харилцаагаа цаашид улам идэвхжүүлэх нь чухал болохыг дурдаад Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах сонирхолтой байгаа. Монгол Улс төмөр зам, эрчим хүч, орон сууц зэрэг дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээрт Японы хөрөнгө оруулагчид оролцох боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр онцоллоо.
“Танай Засгийн газрын үйл ажиллагаа монгол орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон ажлууд руу чиглэж эрчимтэй сайн ажиллаж байгаа гэж сонссон” гэсэн найрсаг үгээр яриагаа эхэлсэн Японы Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монгол Японы харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээд байгаа. Үүнийг цаашид агуулга, үйл ажиллагааны хувьд улам хөгжүүлэх учиртай гээд Монгол Улсын Ерөнхий сайдын тэмдэглэсэн хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Ноён Окада Кацуяа манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа нь бусад оронд үлгэр жишээ болох хэмжээнд байх ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн тэрбээр Монгол Улсын эрдэс баялаг, дэд бүтэц, уул уурхай тухайлбал, Тавантолгой, ураны салбарт Монгол Улсын гурав дахь хөршийн хувьд Японы хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгааг дурдлаа.
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зарчмыг мөрдлөг болгож буй Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр энэ зарчмаа мөн тайлбарлалаа. Тэрбээр “Манай улс боловсруулалт хийхгүйгээр түүхий эдээ экспортлож буй. Энэ байдалд өөрчлөлт хийхийг манай Засгийн газар зорьж байгаа бөгөөд өөрчлөх нэг арга нь бусад улс орнуудтай худалдааны хэлэлцээр байгуулах явдал юм. АНУ дэмжиж, тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр хэлэлцээр байгуулж байна. Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг зорьж буй нь ч ийм учиртай юм. Европын зарим улсад Монголын нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахыг дэмжсэн. Энэ мэтчилэн гурав дахь хөршийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлж, эдийн засгийн ашигтай хэлэлцээр байгуулахыг зорьж ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн Япон улс өндөр хөгжсөн технологи, менежмент, хөрөнгө оруулалтын хувьд манай улсын чухал түнш. Тухайлбал, улам өргөжин тэлж байгаа Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулахад Японы технологи чухал хэрэг болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлоод Японы гадаад хэргийн сайд Ноён Окада Кацуяаг дараа ирэхдээ монголчуудын уламжлалт зан заншил, байгалийн сайхантай танилцаарай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.