Засаг дарга нарын ажлыг үнэлэх журамд өөрчлөлт оров
Засгийн газрын хуралдаанаар “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын талаар хэлэлцэж нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлав. Журамд дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.
Үүнд:
• Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг ашиглах, хэрэгжүүлэх талаар заалт нэмж оруулав. Тухайлбал, яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодруулж, тэргүүний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгалт хийж, дүгнэлт гаргах,
• Яам, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний тайлан нь бүтэц, агуулгын хувьд харилцан адилгүй байгааг нэг загвар, жишигт оруулах зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, бүтэц, агуулгын хүрээг журамд тусгав.
• Журамд “Үйл ажиллагааны ил тод байдал”-ын үзүүлэлтийг тусгав.
• Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд харгалзан үзэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг оновчтой болгох талаар төв, орон нутгаас тавьсан саналыг нэгтгэн судалж, яам аймаг, нийслэлийн холбогдох ажилтнуудаар урьдчилан үе шаттай хэлэлцүүлсний үндсэн дээр зарим нэмэлт, өөрчлөлт оруулав.
• Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ иргэдэд хэрхэн хүрч, түүний үр дүнг иргэд хэрхэн үнэлж байгааг харуулах “Хэрэглэгчийн үнэлгээ”-г мэргэжлийн судалгааны байгууллагын захиалгын үндсэн дээр гүйцэтгүүлж байхаар болов.
Товчхон:
• Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Мянганы сорилтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод гэрээний төслийг дэмжсэн тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгохоор болов.
• Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгохоор шийдэв.
• Ерөнхий сайдын захирамжаар “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавт олгов.
• Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа УИХ-ын ордон барих төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав.
• Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Хуралдаанаас хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөтөлбөрт тусгагдсан зорилтыг шуурхай хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлын явц, үр дүнг 2010 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Томилгоо
Ч.Наранбаатарыг Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд томилов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.