Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн удаа дараагийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг хүлээн авч уулзав. Ч.Цэвээнпүрэвийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тамирчин энэ оны 2 дугаар сард нутагтаа болох мэргэжлийн боксын 2 холбооны дэлхийн аваргын халз тэмцээнд дуудсан байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсч Ч.Цэвээнпүрэвт Төрийн далбаа гардуулав.
Гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв “Эв найрамдлын хүч” төрийн бус байгууллага байгуулан хүүхэд, залуус, ард иргэдийг эрүүл аж төрөх, зөв хооллох, эрүүл мэндээ хамгаалах, спортоор хичээллэх зэрэгт нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ төрийн бус байгууллагын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн цаашид хамтран ажиллана гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.