Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдаан маргааш буюу 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд эхэлнэ. Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга, тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Ху Суан Хүнг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод бараалхав.
Харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Засгийн газар хоорондын комиссын хурал чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжсон. Цаашид худалдааг хоёр урсгалтай болгох, эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.
Вьетнам Улс 2010 онд АСЕАН-ыг даргалж байгаагийн хувьд бүс нутаг, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийллээ.
Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохоор Вьетнамын Засгийн газрын төлөөллөөс гадна бизнес эрхлэгчид ирээд байна. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнамд, Вьетнамаас Монголд төрөл бүрийн хүнсний ногоо нийлүүлэх боломжийг бизнес эрхлэгчид нь эрэлхийлж байгааг Вьетнамын хэсгийн дарга хэлээд улсынхаа эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлт, цаашид хийх ажлын талаар хэлэлцэж протоколд гарын үсэг зурна. Талууд улсынхаа хөрөнгө оруулалтын бодлого, худалдааны хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан мэдээлэл хийх юм. Мөн хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтран ажиллах талаар хэлэлцэн, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, бизнесийн зөвлөл байгуулах болжээ.
Өнгөрсөн онд манай хоёр улсын худалдааны эргэлт 8,9 сая ам долларт хүрсэн бөгөөд Вьетнамын талын экспорт давамгайлж байна. Дашрамд дурьдахад хоёр улсын Шинжлэх ухаан, техникийн дэд комиссын хуралдааныг 10 дугаар сарын 14-15-нд хуралдуулахаар манай тал санал болгоод байна. Хурлаас гаргах шийдвэрийн хүрээнд хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухааны салбарт хамтарсан төсөл сонгон шалгаруулах, хамтран санхүүжүүлэх хөрөнгийн тодорхой хувийг манай улс гаргах боломжтой байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.