Засгийн газрын хуралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулах, түүнчлэн говийн гурван аймгаар ажиллах Eрөнхий сайдын томилолт наймдугаар сарын 24-ний өдөр Дорнын говиос эхэлсэн. Засгийн газрын олонх гишүүн Ерөнхий сайдтай хамт ажиллаж байгаа нь энэ томилолтын онцлог гэж хэлж болно. Тэрбээр замдаа сүү, ногооны “Өнөрбаяр” фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайншанд хотоос зургаан км-т байрлах тус фермер нь жижиг, дунд зээлийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд тус аймгийн хамгийн том аж ахуй юм байна. 50 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр боссон уг фермер нь эдүгээ үхэр, тахиа, гахайн аж ахуйтай болсон төдийгүй тарвас, өргөст хэмх зэрэг нарийн ногоо ч тариалдаг юм байна.
Ийм хэмжээний фермер байгуулахад говьд байтугай хангай нутагт ч багагүй бэрхшээл туулдаг. Ийм их ажлын ард гарч чадсан “Өнөрбаяр” фермерийнхэнд Ерөнхий сайд баяр хүргээд, жижиг дунд зээл жинхэнэ эзэндээ хүрэхийн ач холбогдлыг сайшааж байсан. Говьд усны асуудал шийдэгдчихвэл фермерээ улам өргөжүүлэх боломж бий гэдгээ фермерийн эзэн Б.Өнөрбаяр ярьж байлаа. Орон нутагт ажлын байр бий болгож үйлдвэрлэл амжилттай эрхэлж, хийж бүтээж байгаа хүмүүсийг засаг дэмжиж ажиллана гэж тус фермерийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Аливаа улс орон хөгжин дэвших нь өөрсдөөс л шалтгаална
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сайншанд хотын иргэдтэй уулзах үеэрээ ийн онцолж байв. Аж үйлдвэрийн томоохон төвийг тус хотод байгуулахаар болж, ийм том хүсэл эрмэлзэлээр сайншандчууд жигүүрлэсэн энэ мөчид Засгийн газрын тэргүүн тус аймагт ажиллаж байгааг олзуурхах иргэд олон байлаа. Тийм ч болохоор олон иргэд энэ чиглэлээр нэлээд асуулт тавьж, хариулт авч байв. Бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхэлж байгаатай холбогдуулан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь Засгийн газрын томоохон зорилтын нэг болж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, ажлын байрыг хангахад энэ зорилт нь хамтдаа явах ёстойг дурдаж байсан. Газрын асар их баялагтай мөртлөө тэр нь хараал болдог, нефтийн баялагтай орнууд иргэддээ бэлэн мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд бараг дасгачихдаг гэх мэт улс орнуудын хөгжлийн чиг хандлагууд байдаг аж. Харин хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, бүтээлч ард түмэн гэх хандлага байдаг бөгөөд монголчууд бид энэ замыг сонгож хөгжлийн төлөө хамтдаа хүчээ нэгтгээд явбал бидэнд түүхэн боломж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Дорноговьчуудад санууллаа. 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн талаар сайншандчууд ихээхэн сонирхож, сайшааж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Аймгийн төв Сайншандаас Хамрын хийд хүртэлх 45 км замын хөрөнгийн асуудлыг 2012 оны төсөвт оруулах саналыг иргэд баяртайгаар хүлээн авсан. Дорноговь аймгийн зарим сумдад одоо болтол ИТХ-ын сонгуулийн маргаан байдаг бөгөөд энэ асуудлаа яаралтай цэгцлэхийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр Засгийн газраас явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд орон нутгийн иргэд ам сайтай байна. Энэ эрч хүчээ алдахгүй ажиллахыг тэд Ерөнхий сайдад зөвлөж байв.
Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийг анхаарууллаа
Иргэдтэй хийсэн уулзалтын дараагаар Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгахад хатуу анхаарч ажиллахыг төрийн байгууллагуудын удирдлагууд болон ажилтнуудад Ерөнхий сайд анхаарууллаа. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр хутгалдах ёсгүй, харин бизнесийн орчныг таатай болгох нөхцөлийг бүрдүүлэхэд ажлаа чиглүүлэх учиртай. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд олон төрлийн тушаал шийдвэрийг цэгцэлж, юуг нь хүчингүй болгох вэ гэдгийг ирэх аравдугар сарын 1-ний дотор шийдэх, мөн иргэний шинэчилсэн бүртгэл, Хүний хөгжил сангаас олгох хувь, хишиг хүртээх зэрэг ажлыг иргэдэд ямар ч чирэгдэлгүй түргэн шуурхай хийж үйлчлэхийг төрийн байгууллагынханд үүрэгдлээ.
Орон нутагт хууль дүрэм хэрэгжихэд төрийн байгууллагууд голлон анхаарах ёстой, ингэхдээ өөрсдөөсөө эхэлж үлгэр жишээ үзүүлэхийг гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн албан хаагчдад анхаарууллаа. Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал нь өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар байв. Өнгөрсөн өвлийн сургамжийг мартах ёсгүй, тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд шат шатандаа анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгоод, эдгээр ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр нь шалгана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.