2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарлав
Засгийн газрын энэ оны отгон хуралдаан буюу 86 дахь хуралдаанаас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж тогтоол гаргав. Уг тогтоолд:
• “Бизнесийн орчныг шинэтгэх талаар хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах,
• Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан бизнесийн холбогдолтой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх,
• Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хуралдаанаар батлуулах,
• “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгах зэрэг заалт орлоо. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд орлогч дарга нь Тэргүүн шадар сайд байх юм.
Гишүүд нь Сангийн, ЗТХБ-ын, ХХААХҮ-ийн ЭБЭХ-ний сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон ГХЯ, БСШУЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, ТӨХ, МҮХАҮТ, Хөрөнгийн бирж, ГЕГ, ТЕГ, МХЕГ зэрэг байгууллагаас төлөөлөл орох боллоо. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын тухай тодорхой хугацаанд олон нийтэд нээлттэй шуурхай мэдээлж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Үндсэн чиглэлийн зорилго нь:
• хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх,
• төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох /IPO хийх/ замаар төрийн оролцоог багасган хувийн хөрөнгө оруулалтыг татах явдал юм.
Хувьчлалын үндсэн зарчим нь:
• эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх,
• төрийн өмчийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг бүрдүүлэх,
• төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг ашиглах явдал хэмээн үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов
Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай хэлэлцээд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг үндэслэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Уг тогтоолд:
• 2009 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоох,
• Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоох тухай заалаа.
Товчхон:
• УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын хувьд дэмжиж буйгаа хууль санаачлагчид уламжлахаар болов.
• Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ази, Номхон далайн бүс нутгийн хүн амыг шувууны томуугаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээ хийсний дараа уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг гаргахаар тогтов.
• Шинээр үүсгэн байгуулагдсан Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100.0 /нэг зуу/ тэрбум хүртэл төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бондыг арилжаалахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
• Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлын зорчигч үйлчилгээний гол барилгын архитектурын шийдлийн талаарх хувилбартай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.