Иргэн хишиг, хувь хүртэх журмыг батлав
Засгийн газрын 2010 оны анхны ээлжит хуралдаан хуралдаж олон асуудал хэлэлцсэний дотор Иргэнд хишиг, хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов.
Уг тогтоолоор:
• “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”, “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг батлав.
• Иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
• Иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.000 төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод,
• Иргэн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр, маягт хэвлүүлэх ажлын гүйцэтгэгчийг энэхүү ажлыг хийж гүйцэтгэх чадвартай этгээдүүдийг оролцуулан, үнэ болон нийлүүлэх хугацааг харгалзан шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
• Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт,
• Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт,
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
• Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад иргэний бүртгэл болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд хүн хүч, хөрөнгө нөөц дайчлан гаргаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмаас:
Иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ,
• 16-аас доош насны хүүхдийн хувьд эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх,
• Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт,
• Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар,
• Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар, / Тайлбар: Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно /
• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулийн газрын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаас өмнө ажлын журмаар дахин ярилцаад дараа нь УИХ-д өргөн барихаар болов. Энэ хуулийн төслийг батлан мөрдүүлснээр төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм.
Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хөтлөнө
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Уг төслөөр тус хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдэв.
Үүнд:
• “харилцагч санхүүгийн байгууллага” гэсэн нэр томъёог уг хуулийн нэр томъёоны хэсэгт нэмж тусгах,
• “аж ахуйн нэгж байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана” гэж нэмэх,
• “шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж оруулах,
• Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтлөнө гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Товчхон
• 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болох Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Тус хуралдаанд оролцох төлөөлөгчдийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ахлах юм.
• Томуугийн цартахлын А хүрээний шинэ вирүсын халдварын өвчлөл үргэлжилсээр байгаатай холбогдуулан ИБУИНВУ-аас худалдан авах 540.000 хүн/ тун вакцины үнэ, тариур, тээврийн зардалд шаардагдах 2.500.000.000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
• “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн нутагт орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
• Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 1 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал, 2010 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.
• Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлаг”, “Үндэсний өвийг тоон системд оруулан хадгалах” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг тус тус танилцуулав.
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 1-дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов
• Газрын тосны хайгуулын Дарьганга-XXIV талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган ҮАБЗ-д танилцуулахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.