Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаад ирлээ. Тэрбээр өвөлжилтийн байдал, мал төллөх бэлтгэл, өвс тэжээлийн нөөц ямар хэмжээнд байгаатай танилцахын сацуу Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг очсон газар бүрийнхээ иргэдтэй уулзах үеэрээ танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан байна. Мөн түүнчлэн Монгол улсын Засгийн газраас билгийн тооллын шинийн 1-нийг угтан жил бүр шалгаруулан олгодог “Сайн малчин”-ы болон “Улсын тэргүүний тариаланч”-ны шагналыг энэ үеэр гардуулан өгөв. Энэ жилийн “Улсын сайн малчин”-аар Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн малчин Г.Батжаргал, Өндөрхангай сумын Цалуу багийн малчин Л.Халзанхүү, Тэс сумын нэгдүгээр багийн малчин Д.Гэжээ нар шалгарсан бол, “Улсын тэргүүний тариаланч”-аар Улаангом сумын С.Нохойжав тодорсон ажээ.