Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АВААРИЙН БАЙДЛААС ГАРЧЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.01 /
Улсын Онцгой комиссын хурал 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болж Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц, Увс аймгийн дулааны станцын талаар хэлэлцлээ. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утсыг хулгайлснаас гэмтэл гарч станц 1 дүгээр сарын 19-ний өдрөөс “0” зогсолт хийсэн.

Эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг БНХАУ-д засуулахад шаардлагатай 260 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж нөхцөл, байдлыг тогтмол мэдээлж байхыг холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон юм. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний газар шуурхай арга хэмжээ авсаны дүнд 1 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд аваарын нөхцөл байдлаас гаргаж чадсан. Одоогоор ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван танилцууллаа.

Үүнтэй зэрэгцэн Увс аймгийн Улаангом хотын дулааны станцад 1 дүгээр сарын 17-нд эвдрэл гарч байдал хүндэрлээ. Хөрөнгө мөнгөний гачаалаас болж олон жил урсгал засварыг хангалттай хийж чадаагүй, станцын ган ул ширэмийг барилгын арматураар орлуулсан нь эвдрэл гарах үндэс болжээ. Хувийн хэвшлийн өмчлөлд байдаг энэ станцын гол хэрэглэгчид нь айл өрхүүд учир санхүүжилт нь ч  тааруу  байдаг юм байна. Хэдийгээр хувийнх ч гэсэн эвдрэл гарсан үед иргэдээ чирэгдүүлэхгүйн тулд төр, засаг шуурхай арга хэмжээ авах нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт өмчлөлдөө авсан бол тухайн байгууллага өөрсдөө хариуцлагаа үүрч байх ёстой, бүхнийг засгаас нэхэж байж таарахгүй гэж Онцгой комиссын гишүүд хэлж байлаа.   

Төвөөс хэрэгцээт сэлбэг, хэрэгслийг нь явуулсан бөгөөд Сэлэнгэ аймгаас нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд очин ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга нь мэргэжлийн баг ирүүлэх, шаардлагатай сэлбэг, хэрэгслээр хангахыг хүсч Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод албан бичиг илгээсэн байна. Харин станцын удирдлага зөвхөн сэлбэг, хэрэгсэл хэрэгтэй гэсэн хүсэлт гаргажээ. Энэ нь тухайн аймгийн удирдлага, орон нутгийн байгууллагын дарга нарын ажлын уялдаа холбоо муу байгаагийн илрэл гэдгийг Шадар сайд  сануулж, аваарын үед хувь, хувьсгалын гэж ялгавартай хандахгүй байх, нэг зэрэг 2 аймаг хөлдөхдөө тулж байсан тохиолдол гарч байгаагүйг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний газрын дарга нарт онцгойлон анхаарууллаа.

Инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн багийг нэн даруй Улаангом хот руу явуулах, аймгийн эрчим хүч, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд байдалтай газар дээр нь танилцаж тодруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн судалгааг гаргах, мэдээ, мэдээллийг үнэн зөв, шуурхай өгч байхыг Шадар сайд М.Энхболд салбар хариуцсан удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч төдийлөн буурахгүй, баруун зүгийн нутгаар, ялангуяа Увс аймгийн орчим шөнөдөө -40 хэм хүртэл хүйтрэх бол говийн нутгаар цас орж, салхи секундэд 14 метр хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

Иймээс дулааны болон эрчим хүчний станцуудын найдвартай, аюулгүй байдлыг хангах, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, осгох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дор бүрнээ шаардлагатай арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа.

Мөн улсын онц чухал обьектуудын харуул, хамгаалалтыг сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт үүрэг болголоо. Цасанд боогдсон хот хоорондын болон орон нутгийн замыг тухай бүр нь нээж байх, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Авто замын газар, Авто тээврийн газрын дарга нарт даалгасан байна.

Онцгой байдлын газар, хэлтсүүдийг албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, цаг агаарын урьдчилсан мэдээг малчид, иргэдэд тогтмол хүргэж байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь нэг талаар сайн, нөгөө талаар эрсдэл дагуулах магадлалтай
Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
УЯАЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллалаа
С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана
Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан