Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ” ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.12 /
2009.12.12.         Улаанбаатар хот.        ОУХ-ийн Найрамдал төв.
 
 Сайн байцгаана уу залуус  аа

Нийгмийн ардчиллын төлөө энд цугларсан намынхаа залууст Ардчиллын 20 жилийн ойн мэндийг хүргэе. Ардчилал бол хамтын бүтээл гэдгийг сүүлийн хоёр өдрийн турш ярьж байна. Одоогоос яг 20 жилийн өмнө манай намын олон залуу намаа өөрчилж шинэчлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай нам бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад хамгийн олон удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байх. 20 жилийн дараа та нар ч гэсэн намын залуучуудын байгууллагын шинэчлэл, нийгмийн ардчиллын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа нь сайн хэрэг юм. “Улс үндэстэн урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд үе үе дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Т.Жефферсон хэлж байсан. Бид ч бас урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд өөрчлөлт, шинэчлэлтийг өөрсдөөсөө эхэлж хийдэг байх ёстой.

Бид ардчилсан Монгол улсдаа амьдарч байна. Ардчиллаа баталгаажуулж, тогтолцооных нь хувьд бэхжүүлж, төлөвшүүлэх ёстой. Ардчилал хэр бат бөх байхаас улс орны хөгжлийн ирээдүй тодорхойлогдоно. Залуу хүн бүр үүргээ ухамсарлаж өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн байж чадвал Монголын ардчилал бэхжих бас нэгэн үндэслэл болно. Өөрөөр хэлбэл залуусыг хэр ухаалаг хүлээцтэй, хариуцлагатай, бүтээлч, боловсролтой, эх оронч иргэн болж төлөвшихөөс Монголын ирээдүй шалтгаална.

Манай Засгийн газар хүний хөгжлийн асуудлыг онцлон ярьж, хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа. Хүний хөгжил нь улс орны хөгжлийн суурь болох тухай бодлогыг залууст ойлгуулах зорилгоор Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооноос энэхүү чуулганыг зохион байгуулж байгааг Ерөнхий сайдын хувьд талархан хүлээн авч байна. Би залуу хүн бүрийг эрүүл, хариуцлагатай, бүтээлч, эх оронч, боловсролтой байх ёстой гэж хэлж байсан. Энэ санаачилгыг маань дэвшүүлэн хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Та бүхэн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг бусдаас биш, удирдлагаас биш өөрсдөөсөө эхлүүлж, өөрсдөө манлайлан хийцгээх хэрэгтэй.

Залуучууд та бүхэн даяаршсан дэлхий ертөнцийн жинхэнэ иргэн нь болж Монгол улсын өрсөлдөх чадварыг тодорхойлогч хүчин нь байх ёстой. Энэхүү чуулга уулзалт нь нийгмийн ардчиллыг шинэ шатанд гаргах үйлсийн эхлэл, Монголын залуучуудад ардчиллын үнэ цэнэ, мөн чанарыг таниулах оюун санааны чуулга байгаасай гэж хүсч байна. Залуучууд маань мөрөөдөж, хүлээж суулгүй хийе бүтээе гэж ярилцаж, үеийн нөхдөө уриалж байгаа нь сайн хэрэг юм.

Залуус та нар  энэ танхимд цуглаад бид яаж эх орныхоо ирээдүйд хэрэгтэй хүн болон төлөвших вэ? Монгол улсын хөгжил дэвшилд ямар үүрэгтэй оролцох вэ? Монгол орны маань ирээдүй ямар байх ёстой вэ? гэх мэт өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцоорой. Ардчилал системийн хувьд бүрэлдэн тогтсон. Харин одоо процессын хувьд бэхжүүлэх, ардчилсан соёл ухамсарыг төлөвшүүлэх ёстой. Залуус нь хариуцлагатай, хүсэл мөрөөдөлтэй, бүтээлч байхад эх орны ирээдүй гэрэл гэгээтэй харагдана.

МАХН-аас нийгмийн ардчилалын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой аяныг орон даяар өрнүүлж, олон арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Энэ аян нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд төр засгийн бодлогыг хандуулах, ардчилсан үзлийг иргэдэд ойлгуулах зорилготой гэж бодож байна. Оролдвол бүтдэг, хичээвэл биелэдэг гэж Монголчуудын маань сайхан үг бий. Дэвшүүлсэн санаагаа ажил хэрэг болгох, цаашид хөгжүүлэн баяжуулах, анд нараа үлгэрлэн дагуулах үүргийг та бүхэн өнөөдөр хүлээн авч байна. Хэлсэндээ эзэн байж, зорьсондоо хүрдэг нь залуу хүний бас нэг сайхан чанар гэдгийг мартаж болохгүй. XX зууны Монгол орны ололт амжилт бол тусгаар тогтносон, эрх чөлөөт Монгол хүн байсан бол XXI зууны ололт амжилт нь хариуцлагатай, боловсролтой, эх оронч, эрүүл, бүтээлч, даяаршсан сэтгэлгээтэй ЗАЛУУ МОНГОЛ ХҮН БРЭНД байх ёстой.

Монгол улсын хүн амын 60 хувийг залуучууд эзлэх болсон. Тиймээс нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд залуучууд та бүхний үүрэлцэх ачаа хүнд, оногдох хариуцлага өндөр гэдгийг сайтар ухамсарлах учиртай. Улс монголын минь өмнө, манай намын өмнө, залуусын өмнө шийдвэрлэх ёстой олон чухал асуудал байна. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэж чадна.

Та бүхний нийгмийн ардчиллын төлөөх чуулга уулзалтанд амжилт хүсье.

Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд залуучуудын чуулга уулзалтад оролцов
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН “ДЭД БҮТЭЦ БА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
Өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан