Монгол Улсын Ерөнхий сайд Австрали улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь хоёр улсын харилцааны түүхэн дэх анхны айлчлал юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Австралийн “Экстрата” компанийн “ Mount Owen” нүүрсний уурхайтай танилцахдаа манай улсын уул уурхайн салбарт ч гэсэн хариуцлагатай уул уурхай гэдэг шалгуур тавигдах ёстой. Энэ салбарт тэдний туршлагаас суралцана хэмээн хэллээ. “Австрали улс уул уурхайн орон гэдгээрээ алдартай. Рио Тинтогоос эхлээд олон том компани бий. Үүн дотроо “Экстрата” компанийн нүүрсний уурхай олон чухал онцлогтой. Энэ уурхай манай Таван толгойн ордтой технологийн хувьд их төстэй гэж ярьж байна. Нүүрсний дэд бүтэц, зохион байгуулалт, маркетинг, менежмент гээд олон асуудлыг амжилттай шийдэж байгаа нь бидний анхаарлын татаж байгаа юм.
Зөвхөн энэ талбайгаас 80 сая орчим шороо зөөж байж найман сая тонн нүүрс гаргаж авсан гэж байна. Энэ бол нүүрсний хувьд томоохон үйл ажиллагаа. Манайхан энэ туршлагыг хуваалцах, өөрсдөө зохион байгуулж олборлолт, борлуулалт хийх боломжтой. Энд компаниуд нь гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг гэж сонслоо. Тиймээс манай улсын Таван толгой мэтийн уурхайнууд нүүрс олборлоход ямар зохион байгуулалт, маркетинг, менежменттэй ажиллах ёстой юм гэдгийг харж болно.
Эднийх манай говийн аймгуудтай бүтцийн хувьд их төстэй юм. “Экстрата” компани уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж хэрэглэж, аюулгүй ажиллагааг хангаж, уул уурхайн салбарын хөгжилд ахиц гаргаж байгаагаараа шалгарсан гэж байна. Ер нь дэлхийд уул уурхайн компаниудад маш өндөр шаардлага тавигдаж байгаа. Ялангуяа,байгаль орчны талаасаа, нийгмийн идэвхтэй оролцооны асуудал чухлаар тавигдах болсон. Ийм шаардлага, технологийн тал дээр амжилттай ажиллаж байгаа компани гэж байна. Манай улсын уул уурхайн салбарт ч гэсэн хариуцлагатай уул уурхай гэдэг шалгуур тавигдах нь тодорхой” хэмээн дүгнэсэн юм.
Тус уурхай нь Австралийн хэмжээнд байгаль орчин болон аюулгүй байдлын стандарт нормыг хамгийн сайн хангасан уурхайнуудын нэг аж. Жилд 15 сая тонн нүүрс олборлодог бөгөөд үүнийхээ дийлэнх хэсгийг боловсруулж, хагас коксжсон хэлбэрээр Зүүн Азийн орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм байна. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Сидней хотноо суралцаж, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.