Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалаа дүгнэж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын гол зорилго нь гэж хэллээ. Газар болоод байгалийн баялаггүй мөртөө дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж чадсан Сингапур улсын туршлагаас авах зүйл их байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна. Иргэдийнхээ тархи руу чиглэсэн бодлогоор энэ улс хөгжилд хүрчээ. Өөрөөр хэлбэль боловсрол дээр нэмэх боловсрол, бас дахин боловсрол гэх зарчмыг хөгжлийн бодлогоо болгосноор амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа нь тус улсын удирдлагуудын манай Ерөнхий сайдтай уулзсан элэгсэг дотно уулзалтуудаас илт харагдаж байлаа. Мөн хөгжлийн хоёр дахь том механизм нь айл болгоныг орон сууцтай болгосноо нэрлэлээ.
Хиллэдэг хөрш болон хүн амын тоогоороо манайхтай тун төстэй тус улсын хөгжилд хүргэсэн дээрх хоёр туршлагыг Монголынхоо хөрсөнд шууд авч хэрэгжүүлэх бодлогыг Монгол улсын Засгийн газар барих болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байна. Сингапур улс дээрх бодлогыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд 30 гаруй жилийг зарцуулсан бол манай улсын хувьд төр засаг иргэд нь хамтраад нэгэн зорилгоор зүтгэвэл үүнээс богино хугацаанд иргэдээ өрсөлдөх чадвартай , хүн амаа орон сууцтай болгох бүрэн боломж харагдаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Түүнчлэн Сингапур улс хөгжилд хамгийн их тус нэмэр болдог шинжлэх ухааны салбарт тус улс ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ДНБ-ий 2.8 хувийг уг салбарт зориулдаг тухай сонирхолтой мэдээг дуулгаж байлаа. 2015 онд энэ тоогоо 3.9 хувьд хүргэх ажээ.
Сингапур улс нь 3 сая 500 мянга орчим хүн амтай бөгөөд үүний 500 мянга нь гадны улсын өндөр мэргэжлийн иргэд байдаг юм байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн бас нэг жишээ энэ бөгөөд манай улс ч эндээс суралцах боломжтойг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглэж байв. Мөн тус улс усны асуудлаа гайхалтай сайн зохицуулж чадсан нь ч зочдын анхааралд байсан юм. Энэ тал дээр мөн хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцлоо. Богинохон хугацаатай ч гэсэн Монгол Улсын засгийн газрын тэргүүний Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлал ажил хэрэгч, хоер талын харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргасан хөгжилд хурд нэмсэн амжилттай айлчлал болж өнгөрлөө хэмээн Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеээрээ дурьдаад, богцондоо дүүрэн бэлэгтэй буцлаа гэж дүгнэлээ.
Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа хугацаанд тус улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапурын Ерөнхийлөгч С.Р.Натанд бараалхсан. Мөн түүнчлэн Азидаа тавд ордог Сингапурын хөрөнгийн биржээр зочилж, тус улсын Орон сууцны үзэсгэлэнг үзэж сонирхон ажил хэргийн уулзалтыг ч зохион байгуулав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж чадсан ажил хэргийн айлчлал болж өнгөрлөө хэмээн хоёр тал үзэж байна.