Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад айлчилж байх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрхэм Ерөнхий сайдаа Сингапур улсад та албан ёсны айлчлал хийж байна. Та айлчлалынхаа талаар сэтгэгдлээ хуваалцахгуй юу ?
Сингапур бол харьцангуй бага хугацаанд хөгжиж чадсан, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараараа тэргүүлж яваа улс. Монгол Улсын хувьд Сингапурын хөгжил, дэвшлээс суралцах зүйл их байна. Тийм учраас олон салбар дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ улсын олон салбар дэлхийн түвшинд хүрч, хөгжиж чадсан. Тухайлбал Сингапур хүний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, сургалтын чанар, орон сууцны барилгажилт хөтөлбөрийн тогтолцоо нь маш өндөр түвшинд байна. Ер нь Сингапурын мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил нь маш өндөр.Энэ нь иргэдээ хөгжүүлэх бодлого барьж ажилласан Сингапурын Засгийн газрын бодлоготой холбоотой юм.
Сингапурт баялаг байхгүй, манайх шиг өргөн уудам газаргүй. Зөвхөн хүнээ хөгжүүлэх, түүн дээр суурилаад улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг Сингапур улс барьж байна. Үүний нэгэн адил Монгол Улсын Засгийн газар хүнээ хөгжүүлэх бодлогод тэргүүн зэргийн анхаарал тавьж байгаа. Хүнээ хөгжүүлнэ гэдэг маань ерөнхий зүйл биш. Энэ нь нэгдүгээрт нь эрүүл хүн , хоёрдугаарт мэргэжилтэй, боловсролтой, чадвартай хүн байх ёстой. Гуравдугаарт иргэд нь аятай тухай орчинд аж төрөх явдал. Энэ бол аливаа улс орны хөгжлийн суурь.Сингапур улс яг энэ асуудлыг маш сайн шийдэж чадсан байна.Тиймээс бид Сингапураас туршлага судлах, дэмжлэг авах асуудлаар Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа.
-Сингапурын Ерөнхий сайдтай хийсэн албан ёсны уулзалт маш ажил хэрэгч, үр дүнтэй боллоо. Сингапурын Ерөнхий сайдын аав нь болох Ли Куан Ю энэ албыг хашиж байсан. Тэр хүн энэ улсыг дэлхийн хэмжээний улс шиг улс болгосон. Харин хүү нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, улс орноо амжилттай удирдаж байна. Монгол Улстай олон жилийн найрсаг харилцаатай, Азийн адилхан жижиг орны хувьд хамтран ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ, таны бодлыг сонирхоё?
-Сингапур улс анх Кембрижийн сургалтын системийг нэвтрүүлж, энэ нь үр дүнгээ өгч маш өндөр түвшинд хүрсэн. Уулзалтын үеэр бид энэ тухай ярилцлаа. Өөрийн оронд чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарыг Сингапурт сургалтад хамруулах, хамтарсан хөтөлбөр зохион байгуулах асуудал хөндөгдлөө.
Мөн Сингапурын эрүүл мэндийн салбарт ч хамтран ажиллах тухай ярилцсан. Түүнчлэн Сингапур улс цэвэр усны нөөцийн хомсдолтой. Үүгээрээ манай улстай адил боловч энэ асуудлыг шийдэж чадсан асар их туршлагтай орон. Манай говийн аймгуудад усны нөөц гэдэг бол тулгамдсан асуудал болоод байгаа. Тийм учраас усны менежментээ сайжруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, дахин ашиглах талаар энд ярилцлаа.
- Сингапур улс орон сууцны асуудлыг нэлээн сайн шийдэж өгсөн тухай ярьж байна, энэ талаар татэдэнтэй юу ярилцсан бэ?
-Орон сууцны хангамж гэдэг бол хамгийн чухал асуудал. Өнөөдөр Сингапурын нийт хүн амын 80гаруй хувь нь орон сууцанд амьдарч байна. Үүнд Засгийн газрын дэмжлэгийг маш сайн тусгаж өгсөн байдаг юм байна. Тиймээс манайх эдний туршлагыг судалж, орон сууцны хөтөлбөрөө сайжруулж, засч залруулах хэрэгтэй байна. Холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд энэ айлчлалын бүрэлдэхүүнд явж байгаа. Тэгэхээр тусгай ажлын хэсэг гаргаж, холбогдох хүмүүстэй нь уулзаж, туршлага судалж, өөрийн оронд тохируулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Айлчлалын үеэр Сингапурын Орон сууцны зөвлөлтэй хамтран ажиллах асуудлыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд ярьсан. Тийм болохоор Орон сууцны зөвлөлтэй хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах, туршлага солиилцох асуудал нээлттэй. Ер нь орон сууцны асуудал гэдэг бол хөгжлийн гол тулгууруудын нэг байдаг. Сингапурын Ерөнхийлөгч Р.С.Натан гуайгаас нэгэн сурвалжлагч “Таны Сингапурын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр юу вэ” гэж асуухад “Сингапурын ард түмнийг орон сууцаар хангасан явдал маань энэ улсын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр” гэж хариулсан гэдэг юм билээ. Тийм учраас би орон сууцны асуудлыг зах зээлийн аргаар, Засгийн газрын оролцоо дэмжлэгтэйгээр нухацтай шийдэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.